IGN Entertainment, Kantar болон Беркли дэх Калифорнийн их сургууль хамтран гаргасан “Generations in Play” тайланд дурдсанаар, “өндөр идэвхтэй” тоглогчдын 62 хувь нь тоглоомыг анхны үнээр нь худалдаж авахаас татгалздаг болсон байна. Энэхүү судалгаанд АНУ, Их Британи болон Австралийн мянга мянган идэвхтэй хэрэглэгчдийг хамруулжээ.
Судалгаанаас үзэхэд миллениал үеийнхний (30-44 нас) 38 хувь, “Z” үеийнхний (14-29 нас) 42 хувь нь тоглоомыг бүтэн үнээр нь худалдаж авсаар байгаагаа илэрхийлжээ. Харин “X” үеийнхний (45-61 нас) хувьд энэ үзүүлэлт хамгийн бага буюу ердөө 20 хувьтай байна.
Шинжээчид энэхүү хандлагыг зах зээл дэх контентын хэт их ачаалал болон шинээр гарч буй бүтээлүүдийн техникийн чанартай холбон тайлбарлаж байна. “The Games Business”-ийн Кристофер Дринг тэмдэглэхдээ, тоглогчдод одоо байгаа тоглоомууд нь хангалттай байгаагийн дээр шинэ тоглоомууд худалдаанд гарахдаа техникийн алдаа ихтэй байдаг нь хэрэглэгчдийн “эхний өдөр” (day one) шууд худалдаж авах хүслийг бууруулдаг гэжээ.
Түүнчлэн үе үеийн тоглогчид шинэ тоглоомыг хайж олох арга барил нь ч эрс ялгаатай байна. “X” үеийнхэн ихэвчлэн Google хайлтын системийг ашигладаг бол миллениал үеийнхний 85 хувь нь YouTube-ийг илүүд үздэг. Харин “Z” үеийнхэн сошиал медиаг гол эх сурвалжаа болгодог байна.
Тоглоомын төрөл сонголт ч мөн насны ангиллаас хамаарч байна. Ахмад тоглогчид ганцаарчилсан (single-player) төслүүдийг илүүд үздэг бол залуу үеийнхэн олон тоглогчтой (multiplayer) тоглоомыг сонгодог. Харин миллениал үеийнхний хувьд энэ хоёр сонголт бараг тэнцүү хувьтай байв.
Тоглоомд эргэн орох сэдэл болон нэмэлт нөөц ашиглах байдал нь ч мөн наснаас хамаарч ялгаатай байна. “X” болон миллениал үеийнхэн тоглоомыг бүрэн дуусгах эсвэл ур чадвараа төгс эзэмшихийг эрмэлздэг бол “Z” үеийнхнийг тоглоомын шинэ контент, дүр төрхөө өөрчлөх болон бусад тоглогчидтой харилцах боломж илүү өдөөдөг байна.