Лондон хотын алдарт “Selfridges” их дэлгүүр “GTA 6” тоглоомын хэв маягийг шингээсэн өргөн цар хүрээтэй тусгай орон зайг нээлээ. Уг арга хэмжээ олон тооны худалдан авагчдын анхаарлыг татсан бөгөөд худалдаанд гаргасан бүх албан ёсны мерч бүтээгдэхүүнүүд дэлгүүрт болон интернэтээр богино хугацаанд бүрэн зарагдаж дууссан байна.
Тусгай бүсийн гол онцлох үзмэр нь “GTA” цувралын алдарт “Grotti Cheetah” хөлгийн хэв маягаар тохижуулсан бодит “Ferrari Testarossa” автомашин байв. Түүнийг Вайс Сити хотын нэрийн хуудас болсон ягаан болон цэнхэр өнгөөр будаж загварчилсан бөгөөд “GTA 6”-ийн сурталчилгааны аянд зориулан Майами хотоос тусгайлан авчирчээ.
“Cheetah” хөлөг нь “GTA 3”-аас эхлээд “Grand Theft Auto” цувралын бараг бүх ангид гардаг шүтэн бишрэгчдийн сайн мэдэх загвар билээ.
“Selfridges”-ийн төлөөлөгчдийн мэдээлснээр уг “Grotti Cheetah” нь зөвхөн орон зайн чимэглэл төдий зүйл биш бөгөөд түүнийг худалдан авах боломжтой аж. Автомашины үнэ 1 сая фунт стерлинг (ойролцоогоор 1.3 сая ам.доллар) юм байна.