Их Британийн “Smyths Toys” жижиглэн худалдааны сүлжээний цахим хуудсанд “Grand Theft Auto VI” тоглоомын биет (хайрцагтай) хувилбарт А3 хэмжээтэй хоёр талт постер багтах тухай мэдээлэл нийтлэгджээ. Энэхүү мэдээллийг “GTAForums”-ын “martinw93” хэмээх хэрэглэгч анхлан олж илрүүлсэн байна.
Өмнө нь тоглоом сонирхогчид биет хувилбарыг худалдан авагчдад тоглоомын ертөнц болох Леонида мужийн газрын зургийг дагалдуулан олгоно хэмээн таамаглаж байсан билээ. Гэвч хожим нь “Rockstar Games” хоёр талт тусгай газрын зургийг “GTA 6”-ийн албан ёсны дэлгүүрээр тусад нь худалдаалах бөгөөд тоглоомын хайрцагт шууд дагалдахгүй болохыг баталсан юм.
Харин “Smyths Toys”-ийн дэлгэсэн мэдээллээр хайрцагтай (Code-in-Box) хувилбарын бүрдэлд чухам энэхүү А3 хэмжээтэй хоёр талт постер (“A3 Double Sided Poster”) багтахаар болжээ.
Үүний сацуу уг хайрцаг дотор тоглоомын диск байхгүй бөгөөд худалдан авагчид тоглоомыг татаж авах кодыг авах аж. Мөн энэхүү хувилбарыг консолын дижитал дэлгүүрээр дамжуулан “Ultimate Edition” түвшин рүү ахиулах (upgrade хийх) боломжтой юм байна. “GTA 6” тоглоомын албан ёсны нээлт 2026 оны 11 дүгээр сарын 19-нд товлогдсон бөгөөд тоглоомыг урьдчилан татах (preload) боломж 11 дүгээр сарын 10-наас эхэлнэ.