“God of War: Ragnarok” 1.4 тэрбум ам.долларын орлогоор PS5 үеийн хамгийн өндөр орлоготой PlayStation тоглоом боллоо

0 comments 0 үзэлт

“Alinea Analytics” судалгааны компанийн шинжээч Рис Эллиот (Rhys Elliott) “PlayStation 5” үеийн хамгийн өндөр орлоготой “PlayStation Studios”-ийн тоглоомуудын чансааг танилцууллаа. Түүний тооцоолсноор уг жагсаалтыг нийт 1.4 тэрбум ам.долларын нийт орлого (gross revenue) төвлөрүүлсэн “God of War: Ragnarok” тоглоом тэргүүлжээ.

Жагсаалтын хоёрдугаар байрт 1.3 тэрбум ам.долларын үр дүнтэйгээр “Marvel’s Spider-Man 2” бичигдсэн бол шилдэг гуравт 841.9 сая ам.долларын орлого олсон “Gran Turismo 7” багтсан байна.

“Alinea Analytics”-ийн тооцооллоор “PlayStation Studios”-ийн хамгийн өндөр орлоготой 10 тоглоом:

  1. God of War: Ragnarok — 1.4 тэрбум ам.доллар
  2. Marvel’s Spider-Man 2 — 1.3 тэрбум ам.доллар
  3. Gran Turismo 7 — 841.9 сая ам.доллар
  4. Helldivers 2 — 786.3 сая ам.доллар
  5. Horizon Forbidden West — 485.8 сая ам.доллар
  6. Ghost of Yōtei — 410.1 сая ам.доллар
  7. The Last of Us Part I — 341.3 сая ам.доллар
  8. Ratchet & Clank: Rift Apart — 334.9 сая ам.доллар
  9. Stellar Blade — 316.9 сая ам.доллар
  10. Astro Bot — 292.6 сая ам.доллар

Энэхүү чансаанд зөвхөн Sony-ийн дотоод студиудын бүтээлүүдээс гадна тусгай гэрээт төслүүд багтсаныг тодотгох хэрэгтэй. Тухайлбал, “Helldivers 2” болон “Stellar Blade” тоглоомуудыг хөндлөнгийн студиуд хөгжүүлсэн боловч нийтлэгчээр нь “PlayStation” ажилласан юм. “Alinea Analytics”-ийн судалгаагаар жагсаалтад багтсан 10 тоглоомын нийт орлого 6.5 тэрбум ам.долларыг давжээ. Энэхүү дүнгийн 84.7 орчим хувийг PlayStation платформ бүрдүүлсэн бол 14.1 хувийг Steam, харин үлдсэн 1.2 хувийг “Helldivers 2”-ийн ачаар Xbox платформ бүрдүүлсэн байна.

Сонирхолтой нь, “Helldivers 2” уг жагсаалтад багтсан бүтээлүүд дундаас Xbox консол дээр гарсан цорын ганц тоглоом болжээ. Үүний зэрэгцээ бусад тоглоомууд, тухайлбал “God of War: Ragnarok”, “Stellar Blade”, “The Last of Us Part I” зэрэг төслүүдийн PC хувилбарууд ч нийт борлуулалтад багагүй хувь нэмэр оруулсан аж.

God of War

Түүнчлэн шинжээч “God of War: Ragnarok” худалдаанд гарснаас хойш хэдэн жилийн дараа ч өндөр эрэлттэй хэвээр байгааг онцолсон байна. Зөвхөн 2026 оны туршид уг тоглоом ойролцоогоор 1.1 сая хувь борлогдож, 60 орчим сая ам.долларын орлого авчирчээ.

Дээрх бүх тоон үзүүлэлт нь Sony-ийн албан ёсны санхүүгийн тайлан биш, харин “Alinea Analytics”-ийн шинжээчдийн тооцоолол бөгөөд цэвэр ашиг бус нийт бохир орлогын үзүүлэлт болохыг дурдсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй