Ирэх 11 дүгээр сарын 24-ний өдөр “CS2” төрлийн “PGL Major Singapore 2026” тэмцээн эхэлнэ. Сингапурт болох энэхүү мейжорт мэргэжлийн тавцанд олон жилийг үдэж, 2010-аад оны эхэн үеэс хойш мейжор тэмцээнүүдэд өрсөлдөж ирсэн ч өнөөг хүртэл хамгийн өндөр түвшинд тоглосоор байгаа цөөнгүй туршлагатай, ахмад тамирчид оролцох гэж байна.
Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь “Falcons” багийн ахлагч Финн «karrigan» Андерсен байх болно. Өдгөө 36 настай Дани тоглогчийн хувьд ирэх тэмцээн карьерынх нь 23 дахь мейжор юм. Тэрээр мейжорын замналаа бүр 2013 онд “DreamHack Winter” тэмцээнд “n!faculty” багийн бүрэлдэхүүнд багтан эхлүүлж байжээ. Асар их туршлага хуримтлуулсан ч karrigan анхны аваргын цомоо бараг есөн жил хүлээсэн бөгөөд 2022 онд “FaZe” багийн хамт “PGL Major Antwerp”-д түрүүлсэн юм. Улмаар Дани эр хоёр дахь аваргын цомоо “Falcons” багийн бүрэлдэхүүнд “IEM Cologne Major 2026” тэмцээнд хүртжээ.

Түүнээс нэг насаар дүү буюу 35 настай Бразилын “FURIA” багийн ахлагч Габриэль «FalleN» Толедо Сингапурт өөрийн түүхэн 20 дахь мейжортоо оролцох бөгөөд энэ нь түүний хувьд мэргэжлийн тоглогчийн хувиар оролцох сүүлчийн мейжор болох магадлал өндөр байна. Учир нь 2026 оны дөрөвдүгээр сард эх оронд нь зохиогдсон “IEM Rio” тэмцээний үеэр Бразил тамирчин энэ оны эцсээр зодог тайлна гэдгээ албан ёсоор зарласан билээ. FalleN-ийн дебют 2015 онд “ESL One Katowice” тэмцээнд “Keyd Stars” багийн бүрэлдэхүүнд тохиож байв. Энэ хугацаанд тэрээр хоёр удаа мейжорын аварга болсон бөгөөд эхлээд 2016 онд “Luminosity Gaming”-тай хамт “MLG Columbus 2016”-д түрүүлж, мөн оныхоо “ESL One Cologne 2016” тэмцээнд “SK Gaming” багийн хамт дахин аваргалжээ.

Туршлагатай оролцогчдын эгнээнд “Vitality” багийн ахлагч Дэн «apEX» Мадесклер мөн багтаж байна. 33 настай Франц тоглогч өмнө нь 22 мейжорт оролцож, дөрвөн удаа аваргын цом өргөсөн арвин амжилттай. Тэрээр мөн л 2013 оны “DreamHack Winter” тэмцээнд “Clan-Mystik” багийн бүрэлдэхүүнд мейжорын анхны гараагаа хийж байсан юм.

Ахмад тоглогчдын жагсаалтад мейжор тэмцээнд анх удаагаа оролцох гэж буй “100 Thieves” багийн 32 настай тоглогч Ховард «rain» Нюгорд багтлаа. Норвеги тоглогчийн хувьд ирэх тэмцээн цувралын 20 дахь мейжор нь болно. Тэрээр анх 2014 онд “London Conspiracy” багийн хамт “ESL One Cologne” тэмцээнээр энэ тайзнаа хөл тавьж байжээ. Тэрээр мөн аваргын цомтой бөгөөд 2022 онд “FaZe”-ийн бүрэлдэхүүнд “PGL Major Antwerp”-д түрүүлэхдээ зөвхөн аварга болоод зогсохгүй тус тэмцээний MVP (Шилдэг тоглогч)-ээр шалгарч байсан түүхтэй.