Steam платформ дээр киберпанк сэдэвт тусгай фестиваль эхэллээ. Арга хэмжээ 8-р сарын 10-ны 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тоглогчдод энэ жанрын алдартай бүтээлүүдийг хямдралтай авах, удахгүй гарах тоглоомуудын demo хувилбарыг турших боломж олгож байна.
Фестивалийн сонголтод томоохон хитүүдээс гадна инди төслүүд ч багтжээ. Зарим тоглоомын хямдрал 75 хувь хүртэл хүрч байгаа аж.
Cyberpunk 2077, Deus Ex зэрэг алдартай тоглоомууд багтав
Фестивалийн хүрээнд Cyberpunk 2077 болон түүний Phantom Liberty өргөтгөл, Deus Ex цуврал, Ghostrunner, Ghostrunner 2, Observer: System Redux зэрэг нэр хүндтэй бүтээлүүд хямдралтай худалдаалагдаж байна.
Мөн The Ascent, Ruiner, Cloudpunk, System Shock, ANNO: Mutationem, Katana Zero зэрэг киберпанк уур амьсгалтай тоглоомууд фестивалийн жагсаалтад оржээ.
Удахгүй гарах тоглоомуудын demo-г турших боломжтой
Valve мөн тоглогчдод удахгүй гарах шинэ бүтээлүүдийн demo хувилбаруудыг анхаарахыг зөвлөжээ. Эдгээрийг үнэгүй туршиж үзээд, сонирхсон тоглоомоо wishlist буюу хүслийн жагсаалтдаа нэмэх боломжтой.
Ингэснээр Steam-ийн киберпанк фестиваль зөвхөн хямдралын арга хэмжээ бус, энэ төрлийн шинэ болон хуучин тоглоомуудтай танилцах өргөн боломж болж байна.