“Prince of Persia” тоглоомын цувралын үнэнч шүтэн бишрэгч “The Sands of Time” ремейк бүтээлийн хөгжүүлэлтийг сэргээлгэхийн тулд “Ubisoft” компанид хувийн хөрөнгөнөөсөө 5 сая гаруй евро олгох санал тавилаа. Тэрээр борлуулалтын орлогоос хувь авах эсвэл оюуны өмчийн эрх шаардахгүйгээр тоглоомыг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
«Миний зорилго санхүүгийн ашиг олох, борлуулалтын хувь хүртэх эсвэл ямар нэг оюуны өмчийн эрх эзэмшихэд огт биш юм. Миний цорын ганц хүсэл бол энэхүү видео тоглоомыг тоглогчдын гарт хүргэхэд тусалж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын үр шимийг тоглогчдын хамт олонд мэдрүүлэх боломж олгох явдал билээ.
Надад 5 сая гаруй еврогийн эхлэлийн төсөв байгаа бөгөөд албан ёсны гэрээ байгуулах, төсөл амжилттай хэрэгжих боломж батлагдах болон Ubisoft-ийн зүгээс тогтоох шаардлага, нөхцөлүүдийг хангах үндсэн дээр уг асуудлыг судлан хэрэгжүүлэхэд энэ хөрөнгийг зарцуулахад бэлэн байна» хэмээн X сүлжээний “NachoRB10” нэртэй хэрэглэгч нийтэлсэн байна.
2026 оны эхээр “Ubisoft” компани “Prince of Persia: The Sands of Time” ремейк төслийг цуцалснаа албан ёсоор зарлаад байсан юм. Тус компани уг төслийг хэд хэдэн өөр студийн хооронд шилжүүлж, дахин шинээр эхлүүлж байсан боловч эцэст нь хөгжүүлэлтийг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргасан билээ.