CS2-ын PGL Astana 2026 тэмцээний дөрөвдүгээр тойргийн ээлжит тоглолтууд явагдаж дууслаа. Тус өдрийн тоглолтууд Монголын багуудын хувьд нэлээд хүндхэн өрнөв.
Тэмцээнээс хасагдах эсэхээ шийдэх 1:2 хэсгийн тоглолтод Monte болон Монголын The Huns багууд тулгарч, гурван мапны дараа ялагч тодорлоо. Эхний мап болох Nuke дээр Monte баг илт давуу байж, The Huns-ийг 13:2-оор бут ниргэв. Тоглолтын эхний хагаст Monte 10:2-оор тэргүүлж эхэлсэн бөгөөд довтолгооны талд (T side) гурван раунд дараалан авснаар ялалтаа баталгаажуулсан юм. Харин Dust2 мап дээр The Huns баг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, 13:10-аар Monte-г буулган авлаа. Хэдийгээр The Huns ялсан ч Monte-гийн тоглогч Ауримас “Bymas” Пипирас 1.74 үзүүлэлттэйгээр тус мапны шилдэг тоглогч болов. Шийдвэрлэх Mirage мапны үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагт Monte дөрвөн раунд дараалан авснаар 16:12-оор ялалт байгууллаа. Ингэснээр Monte 2:2 хэсэг рүү дэвшиж, The Huns тэмцээнээ өндөрлүүлэв.
Плей-оффын эрхийн төлөөх 2:1 хэсгийн тоглолтод The MongolZ болон Falcons багууд халз тулахад Falcons 2:1-ээр ялалт байгууллаа. Ингэснээр Falcons шууд плей-оффын шатанд шалгарч, харин 1xBet-ийн дэмжлэгтэй оролцож буй Монголын баг 2:2 хэсэг рүү унаж байна. Falcons-ийн сонгосон Dust2 мап 13:8-аар тэдний давуулалтаар дууссан бол The MongolZ өөрсдийн сонголт Inferno дээр 13:11-ээр хариу барьж, цувралыг тэнцүүлж чадсан юм. Гэвч шийдвэрлэх Mirage мап дээр Falcons илүү байж, нэмэлт цагт өрсөлдөгчөө 16:12-оор буулган авлаа.
PGL Astana 2026 тэмцээн 5 дугаар сарын 9-нөөс 17-ны хооронд Казахстаны Астана хотын “Barys Arena”-д зохион байгуулагдаж байна. Нийт 16 баг 1,600,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд үүний 800,000 долларыг тоглогчдод, үлдсэн 800,000 долларыг клубүүдэд олгох юм.