Тэмцээн зохион байгуулагч “PGL” 2027 онд зохиогдох цуврал тэмцээнүүдийнхээ нэгийнх нь зохион байгуулагдах байршлыг өөрчилснөө зарлалаа. Уг тэмцээн анх БНХАУ-д болохоор төлөвлөгдөж байсан ч албан ёсоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор шилжсэн байна.
Тэмцээн “PGL Ulaanbaatar 2027” нэртэйгээр 4 дүгээр сарын 17-ноос 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийт 16 баг 1,000,000 ам.долларын шагналын сан болон урилгын урамшуулал (VRS Invite Bonus)-ын 300,000 ам.долларын төлөө өрсөлдөх юм.
Нийт оролцогчдоос 14 баг нь 2027 оны 4 дүгээр сарын дэлхийн VRS (Valve Regional Standings) чансааг үндэслэн шууд урилга хүлээн авах бол үлдсэн хоёр эрхийг Европ болон Азийн сонгон шалгаруулалтаар олгоно.
Тэмцээн Монголд шилжин зохион байгуулагдахаар болсноор Улаанбаатар хот тун богино хугацааны зайтай CS2-ын “Tier-1” зэрэглэлийн хоёр том тэмцээнийг дараалан хүлээн авахаар болж байна. Тодруулбал, “PGL Ulaanbaatar 2027” өндөрлөснөөс хойш сар ч хүрэхгүй хугацааны дараа Монголын нийслэлд “BLAST Open Ulaanbaatar 2027” эхлэх юм.
PGL байгууллагын 2027 оны тэмцээний хуваарь:
- PGL Bucharest 2027 — 1 дүгээр сарын 17–24
- PGL Cluj-Napoca 2027 — 2 дугаар сарын 13–21
- PGL Lodz 2027 — 3 дугаар сарын 20–28
- PGL Ulaanbaatar 2027 — 4 дүгээр сарын 17–25
- PGL Event 5 — 9 дүгээр сарын 4–12
- PGL Event 6 — 10 дугаар сарын 9–17