CS2-ын PGL Astana 2026 тэмцээний дөрөв дэх өдрийн эхний тоглолтуудын дүн

by Саруул Батболд
0 comments

Астана хотноо үргэлжилж буй CS2-ын PGL Astana 2026 тэмцээний дөрөв дэх өдрийн эхний тоглолтууд явагдаж дууслаа.

Плей-оффын эрхийн төлөөх 2:1 амжилттай багуудын хэсэгт MOUZ болон Aurora багууд тулгарлаа. Хоёр мапны турш багууд тун тэнцүүхэн, сонирхолтой тоглолтыг үзүүлэв. Эхний мап болох Dust2-ыг Aurora баг сонгосон ч 11:13 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Гэсэн хэдий ч тус мапны шилдэг тоглогчоор Aurora-гийн ахлагч Энгин “MAJ3R” Кюпели 1.39 үзүүлэлттэйгээр тодорлоо.

Хоёр дахь мап Nuke дээр үндсэн цагт багууд ижил оноо авч (7:5 ба 5:7), тоглолт нэмэлт цаг руу шилжсэн юм. Нэмэлт үед MOUZ баг илүү байж, 7:3-аар оноо авснаар 19:15-аар ялалт байгууллаа. Ингэснээр MOUZ баг цувралыг 2:0-ээр дуусган плей-оффын шатанд шалгарч, харин Aurora баг 2:2 хэсэг рүү унаж байна.

Харин 1:2 амжилттай багуудын хэсэгт magic болон HEROIC багууд тэмцээнд үлдэхийн төлөө өрсөлдөж, magic баг 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа. Цуврал Mirage мап дээр magic-ийн ялалтаар (13:8) эхэлсэн ч HEROIC баг өөрсдийн сонголт Dust2 дээр 13:4-өөр илт давуу хариу барьсан юм. Шийдвэрлэх Inferno мап дээр magic баг тоглолтыг бүрэн хянаж, 13:6-аар өрсөлдөгчөө буулган авснаар HEROIC-ийг тэмцээнээс хаслаа.

PGL Astana 2026 тэмцээн 5 дугаар сарын 9-нөөс 17-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотын “Barys Arena”-д зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 16 баг нийт 1,600,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд үүний 800,000 долларыг тоглогчдод, үлдсэн 800,000 долларыг клубүүдэд олгох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй