“Team Spirit” киберспортын клуб дасгалжуулагчдын бүрэлдэхүүнээ шинэчилж буйгаа албан ёсоор зарлалаа. Эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаанд чөлөө аваад байсан Сергей “hally” Шаваев ерөнхий дасгалжуулагчийн албандаа эргэн ирж, төслийг бүхэлд нь удирдахаар болжээ. Тэрээр өөрийг нь эзгүйд “IEM Rio” болон “PGL Astana” тэмцээнүүдэд орлон ажилласан Дмитрий “S0tF1k” Форостянкотой хамтран ажиллах юм.
“Spirit” клубын брэнд хариуцсан захирал шинэ бүтцийн талаар олон нийтийн сүлжээнд тайлбарлахдаа, hally багийн тоглолтын ерөнхий философи буюу “түүний CS-ийг харах өнцөг”-ийг тодорхойлох бол S0tF1k нь тактик, тоглолтын механик, гранат ашиглалт болон нарийн деталь хэсгүүдийг хариуцна гэдгийг тэмдэглэжээ. Мөн урт хугацаандаа албан ёсны тоглолтуудын үеэр hally багийн ард дасгалжуулагчаар зогсохыг баталсан байна.
Мэйжорын гараан дээрх хүндрэл
Гэвч тэмцээний хоёрдугаар шатнаас шууд тоглохоор хүлээгдэж буй IEM Cologne Major 2026 тэмцээний гараан дээр “Spirit” баг хоёр дасгалжуулагчгүйгээр оролцохоор боллоо. Учир нь Дмитрий “S0tF1k” Форостянкод Шенгений виз олгохоос татгалзсан бол Сергей “hally” Шаваев гэнэт бие нь өвдөж, эмнэлэгт хэвтсэн байна.
Клубын албан ёсны мэдэгдэлд:
“Сергейг удахгүй бие нь тэнхэрч, тэмцээний дараагийн шатуудад багтайгаа нэгдэнэ гэж найдаж байна” хэмээжээ.
Одоогоор хоёр дасгалжуулагч хоёулаа багийн бүрэлдэхүүнд зайнаас буюу онлайнаар туслахаар болоод байна.
Багийн одоогийн форм ба хүлээлт
Дасгалжуулагчдын шинэ хослол ХБНГУ-д болох тэмцээний үеэр анхны дебютээ хийх ёстой байв. “Spirit” баг S0tF1k-ийн түр удирдлага дор амжилтаа ахиулж, есөн сар үргэлжилсэн цомгүй цувралаа “PGL Astana” тэмцээнд түрүүлж зогсоосон бөгөөд “IEM Rio”-д “Vitality” багт ялагдан хоёрдугаар байр эзэлсэн тул энэ удаагийн Мэйжорын гол фаворитуудын нэгд тооцогдож байгаа юм.
Эдгээр тэмцээний дараа S0tF1k-ийг багт үлдээх эсэх асуудал шинжээчдийн дунд идэвхтэй өрнөсөн билээ. Шинжээчид түүнийг гранат ашиглалтыг эрс сайжруулсан гэж үнэлсэн бол тоглогчид түүнийг “маш чухал хэд хэдэн алдааг засахад” тусалж, багийн тоглолтын суурь асуудлуудыг шийдэж өгсөн хэмээн онцолж байв.