Цахим спортын тоглоом нийтлэгч “MOONTON GAMES” компани ажилтнуудаа шагнаж урамшуулах өргөн цар хүрээтэй аяныг эхлүүллээ. Тус компани өөрийн тэргүүлэх бүтээл болох “Mobile Legends: Bang Bang” тоглоомын 10 жилийн ойг тохиолдуулан 10 дугаар сарын 16-наас эхлэн ажилтнууддаа 24 каратын цэвэр алтан бугуйвч бэлэглэж эхэлжээ.
Таван грамм жинтэй бугуйвч бүрийн үнэ ойролцоогоор 885 ам.доллароор үнэлэгдэж байна. Бугуйвчуудыг үнэт эдлэлийн алдартай “Chow Tai Fook” брэндэд тусгай захиалгаар хийлгэсэн бөгөөд загварт нь MLBB-ийн онцлох элементүүд, тухайлбал тоглоомын алдартай баатруудын хөрөг болон төслийн 10 жилийн ойн бэлгэдэл логог шигтгэжээ.

Ингэснээр тус компани 2026 оны нэгдүгээр сарын жилийн ээлжит хурлаараа өгсөн амлалтаа биелүүлж, 2,000 гаруй ажилтнаа шагнаж байгаа юм. Алтан бугуйвчийг 1 дүгээр сарын 30-ны байдлаар “MOONTON GAMES”-д ажиллаж байсан бүх мэргэжилтнүүд, түүний дотор дадлагажигчид болон ажлаасаа хэдийн гарсан хүмүүс ч авах эрхтэй аж. Бэлгийг олгохдоо албан тушаал болон ажлын хувийн гүйцэтгэлийг харгалзаагүй бөгөөд нийт бэлэглэсэн алтны жин ойролцоогоор 10 килограммд хүрч байна.
Энэхүү алхам нь Азийн зах зээлийн нийтлэг чиг хандлагыг харуулж буй хэрэг юм. Тухайлбал, 2026 оны эхээр Хятадын наад зах нь 22 тоглоомын компани ажилтнууддаа мөн алтаар урамшуулал олгожээ. Үнэ цэнтэй бодит бэлэг, урамшуулал олгох нь тоглоомын салбар дахь чадварлаг боловсон хүчний төлөөх ширүүн өрсөлдөөний үед ажилтнуудын урам зоригийг сэргээх, тэднийг тогтоон барих түгээмэл арга хэрэгсэл болж байна.