Монголын The MongolZ баг 1win Private Club Season 2 тэмцээний доод хүснэгтэд PRIVATE багийг 2:0 харьцаагаар хожиж, гранд финалд шалгарлаа. Ингэснээр The MongolZ өнөөдөр 19:00 цагаас Германы BIG багтай тэмцээний аваргын төлөө тоглохоор болжээ.
Цувралын эхний map болох Mirage-ийг The MongolZ сонгосон бөгөөд эхний хагасыг 7:5-аар тэргүүлжээ. Тал сольсны дараа өрсөлдөгчдөө ердөө нэг раунд өгч, map-ийг 13:6 харьцаагаар өөрийн болгосон байна.
Хоёр дахь map Ancient-ийг PRIVATE сонгосон ч The MongolZ хамгаалалтын талаас хүчтэй эхэлж, эхний хагасыг 9:3-аар дуусгажээ. Улмаар давуу байдлаа хадгалан 13:7-гоор ялж, цувралыг 2:0-ээр хаасан байна.
910, bLitz нар өндөр үзүүлэлттэй тогложээ
The MongolZ-оос 910 37 kill, 23 death, 1.49 рейтингтэй тоглож, багийнхаа өндөр үзүүлэлттэй тоглогчдын нэг болсон байна. Багийн ахлагч bLitz 34 kill, 21 death, 1.43 рейтинг үзүүлсэн бол cobrazera мөн 1.43 рейтингтэй тогложээ. PRIVATE багаас sowalio 26 kill, 28 death, 0.94 рейтингтэйгээр багийнхаа хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогч болсон байна.

Аваргын төлөө Германы “BIG” багтай дахин тулна
Энэхүү ялагдлаар PRIVATE баг тэмцээнийг гуравдугаар байраар дуусгаж буй бол “1xBet” компанийн дэмжлэгтэй өрсөлдөж буй The MongolZ баг өнөөдөр 19:00 цагаас тэмцээний гранд финалд Германы “BIG” багтай аваргын алтан цомын төлөө өрсөлдөхөөр боллоо.
