“Atomfall” видео тоглоомоос сэдэвлэсэн цуврал кино бүтээнэ

by Саруул Батболд
0 comments

“Two Brothers Pictures” студи “Rebellion” компанийн “Atomfall” видео тоглоомоос сэдэвлэсэн цуврал кино дээр ажиллаж байгаа тухай “Deadline” мэдээллээ. Уг төслийг “Two Brothers” болон “Rebellion” студиуд хамтран бүтээж байна.

Цувралын зохиолыг “Эмми” болон “Алтан бөмбөрцөг” шагналын эзэд, “Two Brothers” студийг үндэслэгч Харри, Жек Уилльямс нар бичихээр болжээ. Харин “Rebellion” компанийн ерөнхий болон бүтээлч захирал Жейсон Кингсли, хамтран үндэслэгч Крис Кингсли нар гүйцэтгэх продюсероор ажиллах аж.

“Atomfall” нь цөмийн ослын дараах үеийн Английн Лэйк Дистрикт дэх цэрэгжүүлсэн тусгаарлалтын бүсэд өрнөдөг постапокалиптик (ертөнцийн төгсгөлийн дараах үеийг дүрсэлсэн) төрлийн тоглоом юм. Уг бүтээл энэ сард зохион байгуулагдсан “BAFTA Game Awards”-аас “Шилдэг Британи тоглоом” шагналыг хүртсэн бөгөөд өнгөрсөн жил худалдаанд гарснаасаа хойш хэдийнэ 3.7 сая гаруй тоглогчийг байлдан дагуулаад байна.

Тоглоомын санааг Жейсон Кингсли анхлан гаргасан бөгөөд 1957 онд Виндскейлийн атомын цахилгаан станцад гарсан бодит ослоос сэдэвлэжээ. Энэхүү явдал нь Их Британийн түүхэн дэх хамгийн аймшигт цөмийн осолд тооцогддог билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй