Судалгаа: “League of Legends” тоглох нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоожээ

by Саруул Батболд
0 comments

Хятадын Цахим шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар “League of Legends” тоглох нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд зарим эерэг нөлөө нь 10 долоо хоногийн дараа ч хадгалагддаг болохыг тогтоожээ.

Судлаачид 30 долоо хоногийн турш ажиглалт хийхдээ “League of Legends” тоглоомыг хөзрийн стратегийн тоглоом болох “Legends of the Three Kingdoms”-той харьцуулсан байна. Судалгаанд өмнө нь видео тоглоом бараг тоглож байгаагүй 68 залуу оролцжээ. Тэднийг хоёр бүлэгт хувааж, эхний бүлэг нь өдөрт нэг цагаар, долоо хоногт таван удаа LoL тоглосон бол нөгөө бүлэг нь ижил хуваариар “Legends of the Three Kingdoms” тоглосон байна.

Эрдэмтэд тоглогчдын орон зайн анхаарал, орон зайн ажлын санах ой болон гүйцэтгэх функцийг хэмжүүр болгон авчээ. Мөн мэдрэлийн холбоосуудын өөрчлөлтийг илрүүлэхийн тулд тархины амралтын үеийн идэвхжлийг бүртгэж авсан байна.

Хоёр бүлэгт хоёуланд нь ахиц гарсан ч “League of Legends” тоглосон хүмүүс орон зайн анхаарал болон ажлын санах ойн сорилд харьцангуй илүү үр дүн үзүүлжээ. LoL-ийн тоглогчдын тархины долгионы хэв маягт илүү мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан нь тархи мэдээлэл боловсруулах чадвар сайжирсныг илтгэж байгаа юм. Эдгээр эерэг өөрчлөлтүүд туршилт дууссанаас хойш 10 долоо хоногийн дараах хяналтын сорилоор ч батлагджээ.

Судалгааны багийнхан тоглоомын төрлөөс хамаарч танин мэдэхүйн чадвар өөр өөр мэдрэлийн замаар сайжирдаг гэдгийг тэмдэглэв. Стратегийн тоглоомууд ашиг тустай хэдий ч “League of Legends” шиг экшн төрлийн тоглоомууд тархинд илүү хүчтэй бөгөөд тогтвортой нөлөө үзүүлдэг байна.

Гэхдээ уг туршилтад зөвхөн эрүүл коллежийн оюутнууд оролцсон гэдгийг судлаачид онцоллоо. Судалгааны явцад хичээлийн ачаалал, хувь хүний сэдэл эсвэл туршилтаас гадуур тоглоом тоглох зэрэг гадаад хүчин зүйлсийг нарийвчлан тооцоогүй байна. Тиймээс энэхүү үр дүн нь LoL тоглосон хүн бүрийг шууд “ухаантай” болгоно гэсэн баталгаа биш ч анхаарал төвлөрөл, санах ой болон тархины ерөнхий ажиллагаанд хэмжигдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг болохыг харууллаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй