Riot Games компани “League of Legends Classic” горимыг гуравдугаар улирал өндөрлөсний дараа буюу 2027 оны 1 дүгээр сард хаахаар болсноо мэдэгдлээ. Уг горимын хөгжүүлэлтэд ихээхэн хөрөнгө оруулсан хэдий ч одоогийн форматаар нь цаашид үргэлжлүүлэн авч явахад хангалттай хэмжээний тоглогчдыг татаж, барьж чадаагүй байна.
Гэхдээ хөгжүүлэгчид Classic горимыг цаашид URF горимтой төстэйгөөр тодорхой өөрчлөлт, нэмэлт контенттой түр хугацааны арга хэмжээ (limited-time event) хэлбэрээр эргүүлэн авчрах боломжийг үгүйсгээгүй юм. Гэвч одоогоор эргэн ирэх нарийн тов гараагүй байна.
Түүнчлэн идэвх багатай бүс нутгуудад уг горимын хандалтыг түрүүлж хязгаарлахаар болжээ. Тодруулбал, 26.21 патчаас эхлэн Япон болон MENA бүсэд League Classic-ийг зөвхөн хэрэглэгчийн үүсгэсэн тоглолтоор (custom matches) тоглох боломжтой болно. Үүнээс гадна Riot хоёрдугаар актын байлдааны эрхийн (Battle Pass) үнэ төлбөргүй шагналуудыг нэг шугамд нэгтгэж, цаашид ашиглах боломжгүй болох Classic агуулгын төлбөрийг тоглогчдод буцаан олгохоор болжээ.