Battlefield 4-ийн хамгийн том бөгөөд олны таашаал хүртсэн “Golmud Railway” газрын зураг Battlefield 6-д шинэчлэгдсэн хэлбэрээр эргэн ирж байна. Левел-дизайнер Лука Грепл-Малмгрен (Luka Grapl-Malmgren) хэлэхдээ, орчин үеийн технологийн хүчин чадал 10 жилийн өмнөхөөс хавьгүй илүү болсон нь уг газрын зургийг шинэ түвшинд гаргах боломж олгосон гэдгийг онцоллоо. Түүнчлэн уг шинэчлэл дээр анхны хувилбарыг бүтээж байсан уран бүтээлчид хамтран ажилласан нь туршлага болон шинэ боломжуудыг төгс хослуулсан байна. Гол зорилго нь зөвхөн хуучныг сэргээх биш, өмнө нь техникийн боломжгүй байсан санаануудыг бодит болгоход чиглэжээ.
Уг газрын зурагт багги, танк, нисдэг тэрэг болон сөнөөгч онгоц зэрэг агаар, газрын бүх төрлийн техник хэвээр байх болно. Харин “Conquest” горимын хамгийн чухал хэсэг болох галт тэрэгний механизмд томоохон өөрчлөлт оржээ. Өмнө нь галт тэрэг хянаж буй багийнхаа бааз руу хөдөлдөг байсан бол Battlefield 6-д эсрэгээрээ дайсны бааз руу чиглэн хөдөлдөг болсон байна. Энэ нь тулааны явцад стратегийн маш том өөрчлөлт авчрах аж.
Шинэчлэгдсэн галт тэрэг одоо олон вагонтой болж, тоглогчдод нуугдах халхавч болон паркур хийх боломжийг олгохоос гадна хоёр талдаа зүтгүүртэй болжээ. Хөгжүүлэгчийн тайлбарласнаар, өмнөх хувилбарт галт тэрэг газрын зургийн нэг хэсэгт л гацаж, тоглолтын явцад төдийлөн нөлөөлдөггүй байсан бол одоо үүнийг булаан авах нь илүү хялбар бөгөөд дайсны байрлалд ойрхон “spawn” хийх буюу дахин төрөх ашигтай цэг болж хувирч байна.
Агаарын тулааны хэсэг ч мөн адил өргөжиж, тус тоглоомын олон тоглогчийн горимын хамгийн том орон зайтай газрын зураг болжээ. Тоглогчид уулс, хөндий, мөсөн голууд дээгүүр тулалдах боломжтой. Харин газраар тулалдаж буй явган цэргүүдэд зориулж задгай талбайн асуудлыг шийдэж, хад чулуун хана, өтгөн ургамал зэрэг байгалийн халхавч нэмж өгсөн байна. Ингэснээр техник хэрэгсэлгүйгээр нэг цэгээс нөгөө рүү шилжихэд илүү аюулгүй болжээ.
Үүний үр дүнд газрын зургийн гол бүс бүр өөрийн гэсэн өвөрмөц орчинтой болж тусгаарлагдсан бөгөөд ганцхан цэгийг хяналтдаа авах нь бүх талбайд давуу тал олгохгүй байхаар зохион байгуулагдсан байна.