Steam платформын албан ёсны журмаар бол худалдан авснаас хойш 14 хоногийн дотор, мөн тоглосон хугацаа нь 2 цагаас хэтрээгүй тохиолдолд л мөнгийг буцаан олгодог. Гэвч нэгэн геймер Battlefield 6 тоглоомыг 470 гаруй цаг тоглосон атлаа төлбөрөө бүрэн буцаалгаж чадсан ховор явдал гарсныг Dexerto мэдээллээ.
Ийм алхам хийх болсон гол шалтгаан нь тоглоом хөгжүүлэгчид King of the Hill, Squad Deathmatch болон тухайн тоглогчийн хамгийн дуртай, хамгийн олон цаг тоглосон Rush горимыг тоглоомоос устгасантай холбоотой аж. Иймээс уг тоглогч Steam-ийн дэмжлэгийн албанд хүсэлт гаргаж, тоглоомын Phantom Edition хувилбарынхаа төлбөрийг буцаан авахыг хүсжээ.
Тэрээр гомдолдоо тоглоом нээлтээ хийснээс хойш бараг жилийн дараа дуртай горимуудыг нь ямар ч сануулгагүйгээр хассаныг дурдаад, одоог хүртэл Battlefield 6-ын албан ёсны хуудас дээр Rush горимыг боломжтой хэмээн тэмдэглэсэн байгааг баримт болгон хавсаргасан байна.
Эцэст нь Steam-ийн ажилтан тоглогчийн тайлбар, баримтыг үндэслэлтэй гэж үзэн Phantom Edition хувилбарын анхны үнэ болох 109 ам.долларыг бүрэн буцаан олгожээ.
Энэхүү тохиолдол нь тоглоомын техник доголдол эсвэл системд ажиллахгүй байснаас бус, тоглоом гарсны дараа хөгжүүлэгчид агуулгыг нь өөрчилснөөс үүдэж мөнгийг буцаан олгосноороо онцлог, урьд өмнө байгаагүй сонирхолтой прецедент боллоо.