CS2 төрлийн “BLAST Rivals 2026 Season 2” тэмцээн Бразилын “FURIA” багийн үнэмлэхүй ялалтаар өндөрлөж, тус баг гранд финалд “Spirit”-ийг 3:0 харьцаатай буулган авлаа. Тэмцээний нийт статистик үзүүлэлтээс харахад багуудын хамгийн их сонгож тоглосон газраар (map) “Mirage” тодорсон бөгөөд тус талбар дээр тэмцээний цорын ганц 13:0 харьцаатай бут ниргэлт бүртгэгдсэн байна.
Тэмцээний турш багууд “Mirage” дээр нийт есөн удаа учраа тааран тоглосон нь бусад бүх талбараас хамгийн өндөр үзүүлэлт болов. Ялангуяа А хэсгийн дээд хүснэгтийн финалд “FURIA” баг хүчирхэг өрсөлдөгч “Vitality”-г чухамхүү “Mirage” дээр 13:0 харьцаатай илт давуу хожиж, дуулиан тарьсан юм. Удаах байрт тус бүр зургаан удаа тоглогдсон “Dust2” болон “Ancient” газрууд бичигдсэн бол “Anubis” дээр багууд ердөө хоёрхон удаа өрсөлдөж, хамгийн цөөн сонгогдсон талбар болжээ.
Хамгаалах талын давамгайлал ба талуудын тэнцвэр
Тоглолтын талуудын тэнцвэрийг авч үзвэл нийт долоон газрын тавд нь хамгаалах тал буюу CT (Counter-Terrorists) илт давуу байдалтай тоглосон байна. Хамгаалах талаас авсан раундын хувиар “Mirage” 65.7 хувийн амжилтаар тэргүүлж, хамгаалалтад хамгийн таатай талбар болохоо харуулав. Харин эсрэгээрээ довтлох тал буюу террористууд (T) “Ancient” болон “Anubis” газруудад илүү амжилттай ажилласан бөгөөд тэдний ялалтын хувь тус бүр 52.8 болон 54.5 хувьд хүрчээ.
Дэлхийн шилдэг багууд өрсөлдсөн “BLAST Rivals 2026 Season 2” тэмцээний тоон үзүүлэлтүүд нь орчин үеийн CS2-ын тактикийн чиг хандлага хамгаалалтын зохион байгуулалт руу илүүтэй шилжиж байгааг илтгэж байна. Гранд финалд өрсөлдөгчөө хуурай ялж, хэсгийн шатанд 13:0-ээр буулган авсан “FURIA” багийн хувьд уламжлалт “Mirage” талбар дээрх өндөр гүйцэтгэл нь тэмцээний аваргын цомыг өргөх шийдвэрлэх түлхүүр болж чадлаа.