Өчигдөр буюу 4 дүгээр сарын 22-ны өдөр “Dota 2”-ын “PGL Wallachia Season 8” тэмцээний хэсгийн шатны тоглолтууд албан ёсоор өндөрлөлөө. Таван өдрийн турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст плей-оффын шатанд тулалдах шилдэг найман баг тодорч, үлдсэн багууд тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй (3-0) “BB Team” болон “Aurora Gaming” багууд плей-офф руу итгэл төгс шалгарлаа. Харин ердөө ганц хожигдолтойгоор (3-1) “PARIVISION”, “Team Liquid” болон “Team Falcons” багууд дараагийн шатны эрхээ авсан байна. Түүнчлэн “South America Rejects”, “Team Spirit” болон “HEROIC” багууд 3-2 гэсэн үзүүлэлтээр шилдэг наймд багтаж чадлаа.
Харин “GamerLegion”, “Xtreme Gaming”, “MOUZ”, “Vici Gaming”, “Virtus.pro”, “Natus Vincere”, “Team Yandex” болон “Tundra Esports” багуудын хувьд тэмцээн ийнхүү дуусгавар болж байна.

Тэмцээний плей-оффын шийдвэрлэх тоглолтууд 4 дүгээр сарын 23-ны өдөр эхлэх хуваарьтай байна.
“PGL Wallachia Season 8” тэмцээн 4 дүгээр сарын 18-наас 26-ны өдрүүдэд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд шагналын сан нь 1 сая ам.доллар юм.
