Microsoft Xbox-ийн үнээ дахин нэмж, нэг загварыг худалдаанаас татна

by Саруул Батболд
0 comments

Microsoft-ийн тоглоомын чиглэлийн нэгж Xbox консолын зарим загварын үнийг наймдугаар сарын 1-нээс нэмэхээр болсноо мэдэгдлээ. Мөн нэг загварыг худалдаанаас бүрэн хасахаар төлөвлөж байна. Энэ нь 2025 оны тавдугаар сараас хойш Xbox консолын үнэ нэмэгдэж буй гурав дахь тохиолдол болж байна.

Компанийн мэдээлснээр, 512 GB санах ойтой Xbox загварууд 100 ам.доллараар, 1 TB хувилбарууд 150 ам.доллараар үнэтэй болно. Харин 2 TB багтаамжтай Xbox Series X загварыг наймдугаар сараас худалдаалахгүй юм.

Шинэ үнэ дараах байдлаар тогтоогджээ.

  • Xbox Series S 512 GB — $499.99, өмнө нь $399.99
  • Xbox Series S 1 TB — $599.99, өмнө нь $449.99
  • Xbox Series X Digital — $749.99, өмнө нь $599.99
  • Xbox Series X — $799.99, өмнө нь $649.99

Xbox Series X анх 2020 онд 499 ам.долларын үнээр гарч байсан бол илүү хямд, хүчин чадал багатай Xbox Series S тухайн үед 299 ам.доллараар худалдаанд гарч байв.

Санах ой, хадгалах төхөөрөмжийн өртөг өссөн гэж тайлбарлав

Xbox Wire блогт Microsoft үнэ нэмэхээс зайлсхийхийг хүсэж байсан ч сүүлийн саруудад нийлүүлэгчидтэй хийсэн хэлэлцээ хангалттай үр дүнд хүрээгүй гэж тайлбарласан байна. Компанийн мэдэгдэлд консолд ашигладаг санах ой болон хадгалах төхөөрөмжийн үнэ 2.5 дахин өссөн бөгөөд 2027 оны намар гэхэд дахин хоёр дахин нэмэгдэх төлөвтэй гэж дурджээ.

Microsoft мөн Xbox брэндийн 25 жилийн ойг тохиолдуулан арваннэгдүгээр сард Xbox Series X-д зориулсан шинэ тоног төхөөрөмж гаргахаар төлөвлөж байна.

Консолын үнэ нэмэх тухай мэдэгдэл нь Xbox Game Pass-ийн захиалгын төлбөрийг бууруулснаас хоёр сарын дараа гарчээ. Тухайн үед Microsoft өмнөх үнийн өсөлтөөс болж олон сая хэрэглэгчээ алдсан гэж тайлбарласан байна.

Одоогийн шийдвэр өмнөх үнийн өөрчлөлтөөс найман сарын дараа, мөн 2025 оны тавдугаар сард эхэлсэн анхны өсөлтөөс ойролцоогоор нэг жилийн дараа гарч байна. Үүний зэрэгцээ Microsoft хэрэглэгчдэд консолыг илүү хүртээмжтэй болгох хувилбаруудыг судалж байгаа бөгөөд үүнд хэсэгчлэн төлөх нөхцөл, хуучин болон сэргээн засварласан төхөөрөмжийн худалдаа, хүүгүй санхүүжилт зэрэг багтаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй