Kingdom Come Deliverance тоглоомыг хөгжүүлэгчид шүтэн бишрэгчдээ ер бусын бэлэг дурсгалын зүйлээр гайхшруулахаар шийджээ. Тэд тоглоомынхоо уур амьсгалыг шингээсэн өөрийн гэсэн сүрчиг гаргасан байна. “Энэ бол зүгээр нэг алс холын үнэр биш, харин таны хэдийнэ танил болсон тэрхүү ертөнцийн нэгээхэн хэсэг юм” хэмээн тэд бүтээгдэхүүнээ тодорхойлжээ.
Уг сүрчгийг үнэртэн бүтээгч Мартин Швах (Martin Švach) урласан бөгөөд тэрээр тоглоомын гол дүр Хенригийн аяллаас онгод авчээ. Тоглоомон дээр Хенри ид шидийн ханд бэлтгэхийн тулд шалфей (sage), балжингарам (chamomile) болон лаванда цэцэг түүдэг бол командлагч Ян Жижкагийн даалгаврыг гүйцэтгэхдээ алим, зөгийн балаар эрч хүчээ сэлбэдэг. Эдгээр бүх элементүүд сүрчигний найрлагад багтжээ.
Энэхүү үнэртнийг Kintsugi Perfumes брэндтэй хамтран бүтээсэн байна. Тус брэнд нь Францын уламжлалт үнэртэн үйлдвэрлэлийг дорнын гүн ухаантай хослуулсан, хүйс хамаарахгүй (gender-neutral) сүрчиг гаргадгаараа онцлогтой.
Сүрчигний найрлага нь нэлээд нарийн бүтэцтэй:
- Түрхэх үед: Алим, лаванда, гаа мэдрэгдэнэ.
- Дунд үе: Балжингарам, сарнай, аюулхай (elderberry), зөгийн бал болон шалфейн үнэр давамгайлна.
- Суурь үнэр: Гүгэл (olibanum), арьс, папирус болон хус модны анхилуун үнэрээр төгсөнө.

Бүтээгдэхүүний тайлбарт: “Зуун дамжин хаант улсууд мандаж, мөхөж байсан ч оршихуйн мөн чанар хэвээр үлддэг. Түүнд үг хэрэггүй. Анхны үг гарахаас ч өмнө тэрээр өөрийгөө мэдрүүлдэг” хэмээн уг үнэртний гүн ухааныг тодорхойлжээ.
Хүсвэл уг сүрчгийг тоглоомын албан ёсны дэлгүүрээс 156 еврогоор худалдан авах боломжтой. Одоогоор хүргэлт зөвхөн Европын орнуудад хийгдэж байна.