“Indiana Jones and the Great Circle” тоглоом Nintendo Switch 2 дээр гарлаа

by Саруул Батболд
0 comments

Bethesda Softworks компани Nintendo Switch 2 консолын тоглоомын санг баяжуулж, адал явдалт “Indiana Jones and the Great Circle” экшн тоглоомыг тус платформ дээр албан ёсоор гаргалаа.

Энэхүү бүтээл анх 2024 оны 12 дугаар сард нээлтээ хийж, улмаар 2025 онд PlayStation 5 консол дээр гарч байсан юм. Одоо ийнхүү Switch 2 эзэмшигчид домогт археологичийн адал явдалтай танилцах боломжтой боллоо. Тоглоомын нээлтэд зориулан хөгжүүлэгчид шинэ трэйлер нийтэлсэн байна. Уг тоглоомд Индиана Жонс дэлхийн өнцөг булан бүрт байрлах нууцлаг байгууламжуудын нэгдэл болох “Агуу тойрог”-ын (The Great Circle) нууцыг тайлахаар аялах болно.

Тоглогчдыг эртний бунхны хайгуул, ээдрээтэй оньсого таавар, фашист болон нацистуудтай хийх ширүүн тулаан хүлээж байна. Мөн энэхүү франчайзын нэрийн хуудас болсон өвөрмөц хошигнол, кино мэт гайхалтай уур амьсгалыг эндээс мэдрэх боломжтой.

Техникийн үзүүлэлтийн хувьд Switch 2 дээр тогтвортой 30 FPS хурдтай ажиллаж байгаа бөгөөд зарим блогчдын үзэж буйгаар тоглоомын үзэмж нь Xbox Series S хувилбараас ч илүү харагдаж байгаа аж.

“Indiana Jones and the Great Circle”-ийг дижитал хэлбэрээр болон биет картридж хэлбэрээр худалдан авах боломжтой. Биет хувилбарын картридж дээр тоглоом бүхэлдээ бичигдсэн тул нэмэлтээр ямар нэгэн файл татах шаардлагагүйгээр шууд тоглох боломжтойгоороо онцлог юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй