Цуу яриа: StarLadder компани CS2-ын тэмцээнээ Финландаас Испани руу шилжүүлж магадгүй байна

by Саруул Батболд
0 comments

Киберспортын “StarLadder” операторын энэ намар Финландын Вааса хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан Counter-Strike 2 (CS2)-ын StarSeries Fall 2026 тэмцээн болох газар нь өөрчлөгдөхөөр болжээ.

Финландын “Ilta-Sanomat” хэвлэлд мэдээлснээр, StarLadder компани уг тэмцээнийг 9 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд “Vaasa Sähkö” аренад зохион байгуулахаар төлөвлөж байсан аж. Тэмцээнд найман баг өрсөлдөх хуваарьтай байсан бөгөөд шагналын сан нь 500,000 ам.доллар байжээ.

Хэлэлцээр бүтэлгүйтсэн шалтгаан

Тухайн хэвлэлийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, StarLadder болон Вааса хотын удирдлагууд тэмцээнийг дэмжин ажиллах нөхцөлүүд дээр нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Энэхүү дэмжлэг нь зохион байгуулагчдын хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байжээ.

Хотын захиргаанаас гаргах санхүүжилтийн хэмжээ тийм ч их биш байсан ч хотын мэрээс ямар нэгэн түншлэлийн тусламж, дэмжлэг үзүүлээгүй нь зохион байгуулагчдыг энэ байршлаас татгалзахад хүргэсэн байна. Талуудын хэлэлцээр 5 дугаар сарын эцэс хүртэл үргэлжилсэн боловч үр дүнд хүрээгүй аж.

Талуудын байр суурь

StarLadder-ийн төлөөлөгчид одоогоор энэ нөхцөл байдалд ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна. Харин Вааса хотын мэр Томас Хейри хэлэлцээр хийсэн нь үнэн гэдгийг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

“Бид хаврын турш зохион байгуулагчидтай холбоотой байсан. Хэлэлцээр нууцын зэрэглэлтэй байсан тул үүнээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй” хэмээн Томас Хейри мэдэгджээ.

Финландын томоохон арены оронд StarLadder илүү даруухан форматыг сонгож магадгүй байна. Тэмцээнийг Испанийн Барселона хот хүлээн авч, тоглолтууд нь жижиг студид зохион байгуулагдах хүлээлттэй байгаа юм. Зохион байгуулагчдын зүгээс одоогоор уг тэмцээн Шенгений бүсийн орнуудын нутаг дэвсгэрт болно гэдгээс өөр мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй