Европын тивийн файтинг (тулаант тоглоом) төрлийн хамгийн том тэмцээн болох “EVO France 2026” маргааш буюу аравдугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Францын Ницца хотын “Palais des Expos” үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь Европын шилдэг тамирчдад их хэмжээний шагнал болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн эрхийн төлөө өрсөлдөх том боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Гол тэмцээнүүд ба одод
Тэмцээний хамгийн олон оролцогчтой, хүлээлттэй төрлөөр “Street Fighter 6” тодорсон бөгөөд нийт 1071 тамирчин бүртгүүлсний дотор салбарын шилдгүүд болох AngryBird, Big Bird нар багтжээ. Тус тоглоомын шагналын сан 50,000 евро бөгөөд аварга болсон тамирчин 20,000 еврогийн шагнал авахаас гадна “Capcom Cup 13” тэмцээнд шууд оролцох эрхийг өвөртлөх аж.
Түүнчлэн “Tekken 8” төрөлд 963 тамирчин өрсөлдөх бөгөөд 43,000 еврогийн шагналын сантайгаас гадна түрүүлсэн тоглогч “TWT Finals”-д өрсөлдөх эрх авах юм.
Шинэ бүтээлүүд болон бусад төрлүүд
Тэмцээний хөтөлбөрт Arc System Works-ийн “Marvel Tōkon Fighting Souls” шинээр багтсан нь “Arc World Tour”-ийн урьдчилсан шат болох юм. Мөн 28,000 гаруй еврогийн шагналын сантай “Avatar Legends”, “2XKO CS 2026” цувралын хүрээнд болох “2XKO” тэмцээнүүд болон “Guilty Gear Strive”, “Granblue Fantasy Versus Rising”, “Fatal Fury City of the Wolves” (SWC 2026) зэрэг алдартай төрлүүд багтжээ.
Үүнээс гадна “King of Fighters XV”, “Samurai Shodown”, “Street Fighter III 3rd Strike”, “Super Street Fighter II Turbo”, “Vampire Savior” зэрэг сонгодог тоглоомуудын нөхөрсөг болон дэд тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Шууд дамжуулалт ба анонс
Тэмцээнийг “EVO”-гийн албан ёсны сувгуудаар шууд дамжуулах бөгөөд шийдвэрлэх тоглолтуудыг үндсэн сувгаар, хэсгийн тоглолтуудыг тоглоом хөгжүүлэгчдийн (тухайлбал Capcom Fighters) сувгаар үзүүлэх аж. “EVO” брэндийг “Sony” компани эзэмшдэг тул дамжуулалтын үеэр шинэ тоглоом болон баатруудын танилцуулга хийгдэж магадгүй ч АНУ-д болдог үндсэн тэмцээнийг бодвол цөөн анонс гарна гэж зохион байгуулагчид мэдээллээ.