“Aurora Gaming” баг Алматын тэмцээнд илүүрхэж, олон улсын эрхээ авлаа

by Саруул Батболд
0 comments

Казахстаны Алматы хотноо зохион байгуулагдсан PUBG Mobile тоглоомын “Global Open 2026 Season 1 – EECA Finals” тэмцээн өнгөрсөн долоо хоногт өндөрлөв. Зүүн Европ болон Төв Азийн шилдэг 20 баг нийт 80 мянган ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Aurora Gaming” болон “Champions Esports” багууд хүч үзлээ. Дэлхийн аваргын хүрэл медальт “Alpha Gaming” баг өнгөрсөн сард нэрээ солин “Aurora Gaming” болсон бөгөөд шинэ нэрээрээ анхны томоохон амжилтаа ийнхүү үзүүллээ.

Тэмцээний шийдвэрлэх шатны 15 тулааны нийлбэр дүнгээр “Aurora Gaming” баг 145 оноо цуглуулан тэргүүн байр эзэлж, 17 мянган ам.долларын эзэд болов. Түүнчлэн тус багийн тоглогч REFUS буюу А.Амгалан ур чадвараараа гайхуулж, тэмцээний “Шилдэг тоглогч”-оор (MVP) тодорч 500 ам.доллароор шагнуулсан юм.

Тэмцээний үр дүнг тоймловол:

  • Aurora Gaming: 145 оноотойгоор 1-р байр (17,000 ам.доллар).
  • Champions Esports: 96 оноотойгоор 8-р байр (3,000 ам.доллар).
  • Хувийн амжилт: А.Амгалан (REFUS) тэмцээний шилдэг тоглогч болов.

Энэхүү ялалтын үр дүнд “Aurora Gaming” баг ирэх зургаадугаар сард Индонезийн Жакарта хотод болох 500 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Global Open 2026 Season 1” үндсэн тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа. Тус багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын MVP TOP буюу А.Бүрэнбаяр, ZOYL буюу Б.Золбоот болон DOK, REFUS, EAST нарын чадварлаг залуус багтаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй