2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий контент Rocket League тоглоомын 23 дугаар улиралд гарна

by Саруул Батболд
0 comments

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) өөрсдийн “FIFA Digital Football” танилцуулгын үеэр ирэх 2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) зориулсан албан ёсны контент орох тоглоомуудын жагсаалтыг зарлалаа. Эдгээр батлагдсан төслүүдийн дунд алдартай Rocket League тоглоом багтсан байна.

FIFA болон Rocket League-ийг хөгжүүлэгчид өмнө нь хамтран ажиллаж байсан туршлагатай. Тус тоглоом нь 2024, 2025 онуудын “FIFAe World Cup” цахим спортын тэмцээнүүдэд багтаж байсан бөгөөд энэхүү түншлэл “FIFAe World Cup 2026” тэмцээний хүрээнд үргэлжлэхээр болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уур амьсгалыг шингээсэн онцгой контентуудыг Rocket League тоглоомын 23 дугаар улиралд багтаан нэвтрүүлэх аж. Албан ёсны нарийн ширийн мэдээллийг хараахан дэлгээгүй байгаа ч “Psyonix” студи шинэ улирлын турш, тэр дундаа ирэх “Rocket Pass” (тулааны эрх)-ийн шагналд ДАШТ-ий сэдэвтэй зүйлсийг үе шаттайгаар нэмнэ гэсэн хүлээлттэй байна.

Анхны тизер трэйлерээр баталгаажсан гол өөрчлөлтүүд:

  • Шигшээ багуудын брэнд өнгө төрх: Трэйлер бичлэгт тэмцээний эрхээ авсан Англи, Бразил, Франц, Саудын Араб зэрэг улсуудын үндэсний шигшээ багийн өнгө, бэлгэдэл бүхий автомашины онцгой скинүүдийг үзүүлсэн байна.
  • Албан ёсны түншийн статус: Машины скинүүд дээр “FIFA World Cup 2026” тэмцээний албан ёсны лого тод харагдаж байгаа нь шууд түншлэлийг баталж байна.
  • Бөмбөг болон цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэл: Бичлэгт ирэх ДАШТ-ий албан ёсны тоглолтын бөмбөг болох Adidas Trionda-г харуулжээ.

Хөгжүүлэгчдийн зүгээс Rocket League-ийн 23 дугаар улирлын дүүргэлтийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ойрын өдрүүдэд зарлахаа амласан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй