Valve Counter-Strike 2-д зориулсан шинэчлэлт гаргаж, Overwatch буюу патрулийн системийг шинэ форматаар эргэн авчирлаа. Одоогоор шинэ функцэд зөвхөн хязгаарлагдмал тооны хэрэглэгч нэвтрэх боломжтой байна.
Сонгогдсон тоглогчид сэжигтэй тоглогчдын демо бичлэгийг Counter-Strike-ийн албан ёсны хуудсаар дамжуулан шууд браузер дээрээс үзэж дүгнэлт гаргах боломжтой болжээ.
Демо бичлэгийг дөрвөн ангиллаар шалгана
Тоглолтын сэжигтэй мөчүүдийг дараах дөрвөн ангиллаар үнэлэх юм:
- Aim Assist — онилоход туслах програм ашигласан эсэх
- Wall Hack — хананы цаадахыг харах боломж ашигласан эсэх
- Auto BHop — автомат үсрэлт ашигласан эсэх
- Бот — аккаунтыг фарм хийхэд ашигласан эсэх
Ангилал бүр дээр тоглогч гурван төрлийн дүгнэлт өгөх боломжтой. Үүнд “чит ашигласан”, “хангалттай нотолгоо байхгүй” эсвэл “чит илрээгүй” гэсэн сонголтууд багтжээ.
Гол зорилго нь VACNet-ийг сургах
Шинэчилсэн Overwatch-ийн гол зорилго нь Valve-ийн античит систем болох VACNet-ийн нейросүлжээг сургах явдал юм. Хэрэглэгчдийн гаргасан шийдвэрүүд сэжигтэй тоглогчийг шууд бан болгохгүй, харин античитийг сайжруулах нэмэлт сургалтын өгөгдөл болж ашиглагдана.
Хөгжүүлэгчид мөн демо бичлэгийн хэсгүүдийг цахим орчинд нийтлэхгүй байхыг хүсжээ. Ингэснээр хориотой программ бүтээгчид шинжилгээний алгоритмд тохируулан өөрчлөлт хийх боломжийг хязгаарлах зорилготой байна.
Шинэ Overwatch-д нэвтрэх эрх байгаа эсэхийг CS2-ийн үндсэн цэснээс шалгаж болно. Хэрэв тоглогч сонгогдсон бол дэлгэцийн зүүн дээд хэсэгт тусгай урилга гарч ирнэ.
Урилга олгох тодорхой шалгуур одоогоор ил болоогүй байна. Харин нэвтрэх эрх авсан тоглогчид хоорондоо урилга хүсэх боломжтой бөгөөд дүгнэлт гаргах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор нэмэлт урилгууд нээгдэх аж.