2026 оны 6 дугаар сарын 24-ний орой Valve компани Dota 2 тоглоомоос түр хугацаанд хасаад байсан Axe баатрыг гэнэт буцаан авчирч фанатуудыг баярлуулсан ч энэ нь тун богино хугацаанд үргэлжилсэн хөгжилтэй үйл явдал болоод өнгөрлөө.
Хөгжүүлэгчид баатрыг тоглоомд буцааж оруулахдаа ердийнхөөс нь өөр, робот хүүхэлдэй (puppet) хэлбэртэй цоо шинэ төрхтэйгөөр авчирсан ч тоглогчдын баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй.
Шинэчлэгдсэн Axe-ийг тоглоомын клиентэд оруулсны дараа түүний аль нэг шидийг ашиглах үед Dota 2 тоглоом шууд гацаж, хаагдаж эхэлсэн байна. Үүний улмаас хагас дутуу хийгдсэн кодын алдааг олж харсан хөгжүүлэгчид ердөө 10-хан минутын дараа Axe-ийг тоглоомоос яаралтай буцаан татаж, дахин доош нь хийж засаж сайжруулахаар илгээжээ.
Axe баатрын тухай ба “Харанхуй карнавал”
Axe бол Dota 2-ын хамгийн алдартай, олон хүн мэддэг “Strength” төрлийн баатруудын нэг билээ. Тэрээр багтаа “Offlaner” болон тулааныг эхлүүлэгч “Initiator”-ын чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүний гол шидүүд нь Berserker’s Call болон Counter Helix юм. Тоглоомын түүхэнд (lore) тэрээр “Улаан манан” (Red Mist)-тай холбоотой бөгөөд тоглогчдын дунд “Дуудахад ирдэггүй, дуудаагүй байхад өөрөө ирдэг” гэх мэт хөгжилтэй мемүүдээрээ алдаршсан байдаг.
Анх яагаад хасагдсан бэ? Axe-ийг анх 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Dark Carnival” (Харанхуй карнавал) хэмээх шинэ эвентийн урьдчилсан сурталчилгаа болгож тоглоомоос түр хасаад байсан юм. Түүнийг “Captain’s Mode”-оос бусад бүх горимоос бүрмөсөн арчиж, баатрын хөрөгний оронд “Эрэн сурвалжилж байна” (Wanted) гэсэн зурагт хуудас байршуулан, туршилтын “demo” горимыг хааж, “random” сонголтоор гарч ирэхийг нь ч хаагаад байсан билээ.