CS2 ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Монголын залуу тамирчин Азбаяр “Senzu” Мөнхболд “The MongolZ” багаа орхиж, “BC.Game” рүү шилжсэн шуугиан одоог хүртэл цахим спортын хорхойтнуудын анхаарлын төвд байна. Тэгвэл энэхүү шуугиант шилжилтийн талаар олон улсын нэр хүндтэй шинжээч, инсайдер Алексей “OverDrive” Бирюков өөрийн байр суурийг нэлээд хатуухан бөгөөд шулуухан илэрхийлжээ.
Мөнгийг сонгосон шийдвэр үү, карьерын уналт уу?
OverDrive-ын үзэж буйгаар, залуу тамирчны энэхүү алхам нь түүний ирээдүйн мэргэжлийн карьерт маш том хохирол учруулах эрсдэлтэй алхам аж. Тэрбээр Senzu-г цэвэр санхүүгийн ашиг сонирхлыг урьтал болгож, цаашдын спортын том амжилтаа хойш тавьсан хэмээн дүгнэсэн байна.
“Senzu “The MongolZ” багаа орхиж, “BC.Game”-д шилжсэн нь түүний цаашдын ирээдүйд хохиролтой шийдвэр байлаа. Тэр мөнгийг сонголоо. Senzu-д том тэмцээнд оролцдог шилдэг багт орох боломж байсан ч тэр Монголд сайхан, том машин унаад явахыг илүүд үзлээ. Харамсалтай” хэмээн OverDrive өөрийн сэтгэгдэлдээ дурджээ.
Шинжээчийн дүгнэлтийн гол пойнтууд:
- Ирээдүйн боломжоо алдсан нь: Түүнд дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол хурд хүч үздэг Tier-1 түвшний шилдэг багуудаас урилга авах бодит чадвар, боломж байсан гэв.
- Амжилтын оронд тансаглал: Спортын замналаа өсгөх оргил үедээ тэрбээр ирээдүйн том тэмцээнүүдийн цомыг бус, одоо цагт Монголд тансаг зэрэглэлийн том машин хөлөглөн амьдрахыг илүүд үзсэн гэж шүүмжлэв.
- Багийн чансааны зөрүү: Дэлхийн топ багуудын эгнээнд багтаж, олон улсын тавцанд тогтмол цахиур хагалж буй “The MongolZ” багаас явж, шинээр бүрдэж буй баг руу шилжсэн нь эрсдэлтэй алхам байсныг санууллаа.
Залуу тамирчны хувьд шинэ багтаа хэрхэн дасан зохицож, энэхүү хатуу шүүмжлэлийн хариуг сервер дээрх тоглолтоороо хэрхэн барихыг харах л үлдлээ. Карьерын эгзэгтэй үед гаргасан түүний сонголт зөв байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Senzu өмнө нь 1xBet Mongolia-гийн ивээн тэтгэлэгтэй The Mongolz багт тоглож байсан ч өнгөрсөн жил түүнийг түрээслэн Passion UA-д, дараа нь BC.game-д илгээсэн.