“PUBG: Battlegrounds”-ийн хөгжүүлэгчид тавдугаар сарын 13-ны техникийн засвар үйлчилгээний дараа тоглоомд орох томоохон өөрчлөлтүүдийн талаар мэдээллээ.
Одоогийн байдлаар Хойд Америк, Өмнөд Америк, Европ болон ОХУ-ын бүс нутагт газрын зургийг санамсаргүй байдлаар сонгодог систем үйлчилж байгаа юм. Хөгжүүлэгчид үүнийг тоглолт хурдан эхлэх болон бот нарын тоог багасгахад тустай гэж тайлбарлаж ирсэн билээ.
Гэвч уг систем нь тоглогч бүрт таатай биш байгааг тэд хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулахаар шийджээ. Газрын зургийг өөрөө сонгодог болсноор зарим нэр хүнд багатай зургууд дээр тоглолт эхлэх хугацаа уртасгах эрсдэлтэй ч тоглогчдод сонгох эрх чөлөөг олгох нь илүү чухал гэж үзсэн байна.
Шинэчлэлт компьютерын хувилбарт тавдугаар сарын 13-нд, харин консол дээр тавдугаар сарын 21-нээс эхлэн бүх бүс нутагт хэрэгжиж эхэлнэ. Тоглогчдод газрын зургийн таван слот өгөх бөгөөд эхний ээлжинд одоогийн ротацид (ээлжинд) байгаа зургууд орох аж. Цаашид тоглогчдын сонголтын датад үндэслэн жагсаалтыг шинэчлэх юм байна.
Системийг нэвтрүүлсний дараа хөгжүүлэгчид тоглолт бүрдүүлэлтийн явц болон тоглогчдын хандлагыг бүс нутаг бүрээр анхааралтай ажиглах ажээ. Ажиглалтын үр дүнд үндэслэн газрын зургийн ээлж болон системийн тохиргоонд шаардлагатай засваруудыг хийхээр төлөвлөж байна.