“Giro d’Italia” (Джиро д’Италия) уралдааныг зохион байгуулагч “RCS Sport” компани “NOVO Esports”-той хамтран домогт дугуйн уралдааныг Fortnite тоглоом дотор эхлүүлэхээр болсноо зарлалаа.
Энэхүү төсөл нь 109 дэх удаагийн “Corsa Rosa”-г сурталчлах зорилгоор тусгайлан бүтээсэн тоглоомын орчныг танилцуулж байгаа юм. Санаачлагын гол зорилго нь дижитал орчинд идэвхтэй залуу үеийнхнийг татан оролцуулахад оршиж байна. Тоглоомын газрын зурагт 2026 оны албан ёсны маршрутын найман хотыг багтаасан бөгөөд үүнд Неаполь, Милан, Аоста болон Ром хотын барианд орох хэсгүүд багтжээ. Нэг удаад найм хүртэлх тоглогч үндсэн шагнал болох “Trofeo Senza Fine”-ийн төлөө зэрэг өрсөлдөх боломжтой.
Анх удаа Fortnite тоглоомд дугуйг тээврийн хэрэгсэл болгон ашиглах функц нэмэгдэж байна. Удирдах механизмыг “Giro 2026” уралдааны албан ёсны дугуй нийлүүлэгч “De Rosa” компанитай хамтран боловсруулсан бөгөөд тоглогчид засмал замаар явж, хяналтын цэгүүдийг (checkpoint) дайран өнгөрөх боломжтой болжээ.
“RCS Sports” компанийн Маркетинг, харилцаа холбооны хэлтсийн дарга Роберто Саламинигийн хэлснээр, Fortnite-д нэвтэрсэн нь брэндийн дижитал экосистемийг хөгжүүлэх, олон улсын өсөлтийг хурдасгах стратегийн чухал алхам юм.
“Giro d’Italia” нь жил бүр Италийн замаар зохион байгуулагддаг дэлхийн хамгийн нэр хүндтэй, хүнд хэцүү олон өдрийн дугуйн уралдаануудын нэг юм. Энэ нь “Tour de France” болон “Vuelta a España”-гийн хамт дугуйн спортын “Гранд-тур” (Grand Tours) хэмээх хамгийн том гурван тэмцээний нэгд тооцогддог билээ.