ОУОХ Цахим спортын комиссын үйл ажиллагааг зогсоолоо

by Саруул Батболд
0 comments

Олон улсын олимпын хороо (ОУОХ) Цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү алхам нь Олимпын цахим спортын наадмыг зохион байгуулах санаачилгын ирээдүйг эргэлзээтэй байдалд оруулж байгаа тухай Японы “Kyodo” мэдээллийн агентлаг дамжуулав.

Байгууллагын энэхүү чиг хандлагын өөрчлөлтийг 2025 оны зургаадугаар сард албан тушаалдаа томилогдсон ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентритой холбон тайлбарлаж байна. Тэрээр уламжлалт спортын төрлүүдийг илүүд үзэж, тэдгээрийн үнэ цэнийг хамгаалах байр суурьтай байгаа аж.

Ковентри нэгдүгээр сарын сүүлчээр комиссын гишүүдэд илгээсэн мэдэгдэлдээ: “Би энэ чиглэлийн цаашдын хөгжлийг өөрийн хариуцлагад авч байна. Дараагийн шатанд бидэнд Олимпын хөдөлгөөний ерөнхий стратегитай нягт нийцсэн, илүү уялдаа холбоотой хандлага шаардлагатай байна” гэж тэмдэглэжээ.

Олимпын цахим спортын наадмыг зохион байгуулах талаар ОУОХ-ны өмнөх ерөнхийлөгч Томас Бах 2024 оны Парисын Олимпын үеэр анх зарлаж байсан юм. Уг стратеги нь Саудын Араб улстай 12 жилийн хугацаатай түншлэх гэрээнд үндэслэж байсан бөгөөд 2025 онд анхны тэмцээнийг тус улсад зохион байгуулахаар төлөвлөж байв.

Гэвч 2025 оны хоёрдугаар сард тэмцээний загварыг илүү сайн боловсруулахын тулд анхны наадмыг 2027 он хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Улмаар 2025 оны аравдугаар сарын 30-нд ОУОХ болон Саудын Араб хамтын ажиллагаагаа албан ёсоор зогсоож буйгаа зарласан. Талууд цахим спортын салбар дахь амбицаа тус тусдаа хөгжүүлэхээр шийдсэн бөгөөд Саудын Араб одоо “Esports Nations Cup” тэмцээнд гол анхаарлаа хандуулж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй