Hello Games студи өөрсдийн хамгийн томоохон төсөл болох No Man’s Sky тоглоомынхоо 10 жилийн ойг тэмдэглэж байна. Студийн үүсгэн байгуулагч Шон Мюррей тоглоомын нийгэмлэгт хандан, өнгөрсөн арван жилийн хөгжүүлэлт болон ололт амжилтаа дүгнэн ярьжээ.
Энэ хугацаанд No Man’s Sky нь 40 гаруй томоохон үнэгүй шинэчлэлтийг хүлээн авч, бааз барих, робот болон экзокрафт жолоодох, тэжээвэр амьтантай болох, тусгай экспедицэд оролцох зэрэг асар олон боломжоор тэлсэн юм. Тоглоом нь Switch, Xbox, PS5, VR болон Switch 2 зэрэг бараг бүх орчин үеийн платформууд дээр гарсан билээ.
Мюррейн хэлснээр, өнгөрсөн 10 жилд олон арван сая тоглогчид уг тоглоомд зуу зуун сая цагийг өнгөрүүлсэн ч тоглоомын асар том орчлон ертөнцийн нийт гарагуудын ердөө 1%-д нь ч хүрэхгүй хэсгийг судалж амжжээ. Мөн 2026 онд No Man’s Sky анх нээлтээ хийснээс хойшхи хамгийн өндөр идэвхтэй тоглогчдын шинэ рекордыг тогтоосон байна.
“Ямар ч тоглоомын хувьд 10 жилийн ой гэдэг асар том үйл явдал. Энэ онд бид хамгийн олон тоглогчийн рекордоо эвдэж, TGA болон BAFTA-аас ‘Шилдэг хөгжиж буй тоглоом’ шагналыг хүртсэн нь манай баг болон фенүүдийн сэтгэл зүтгэлийн бодит баталгаа юм”
— Шон Мюррей
Студи одоогийн амжилтдаа зогсолгүй дараагийн том шинэчлэлт болох “COSMOS”-ийг хэдийнэ бэлдэж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байна. Түүнчлэн Hello Games студи залгамж төсөл болох Light No Fire тоглоом дээрээ идэвхтэй ажиллаж байгаа аж.
Шон Мюррей мөн 2016 оны хүндхэн нээлтийг дурдсан юм. Анх гарахдаа техникийн асуудал болон олон нийтийн хүлээлтэд хүрээгүй гэх шүүмжлэлд өртөж байсан ч хөгжүүлэгчид олон жилийн турш тоглоомыг үнэ төлбөргүйгээр тасралтгүй сайжруулсаар тоглоомын салбарын хамгийн агуу “эргэн ирэлт”-үүдийн нэгийг хийж чадсан билээ. Өдгөө No Man’s Sky нь Steam платформ дээр “Very Positive” гэсэн өндөр үнэлгээтэй байна.