Бразилийн улс төрчид маргаанаа Dota 2-ын тэмцээнээр шийдвэрлэхээр болов

by Саруул Батболд
0 comments

Бразилийн улс төрчдийн дунд сонирхолтой маргаан өрнөж, улмаар Dota 2 тоглож хэн нь илүү болохоо үзэлцэхээр болжээ. Энэхүү үйл явдал Х (хуучнаар Twitter) сүлжээн дэх маргаанаас эхэлсэн байна.

Рио-де-Жанейро хотын Тоглоом болон кибер спорт хариуцсан хэлтсийн дарга Чанди Тейшейра зарим улс төрчдийг сонгуулийн өмнө нэр хүндээ өсгөх зорилгоор геймингийг ашиглаж байна хэмээн шүүмжилжээ. Тэрээр:

“Тоглоом сонирхогчид зөвхөн сонгуулийн үеэр кибер спортын өмсгөл өмсөж, Dota тоглож харагддаг хүмүүсийг бус, өөрсдийн жинхэнэ төлөөллийг сонгох хэрэгтэй. Манай нийгэмлэг хэн нь энэ сэдвийг ашиглаж, хэн нь бодит ажил хийж байгааг ялгах хэмжээний төлөвшсөн” гэж бичжээ.

Үүний хариуд “Nemesis” багийн дасгалжуулагч Филипе Астини улс төрч Ким Катагириг өмөөрөн ийнхүү няцаалт өгсөн байна: “Ким сонгуультай, сонгуульгүй үргэлж л Dota тоглож харагддаг. Хэрэв тэр олонд таалагдахыг хүссэн бол Dota биш LoL тоглох байсан биз. Dota тоглохыг ‘сэдэв ашиглах’ гэж нэрлэж болохгүй байх. Харин чи өөрөө хэт өрөөсгөл жишээ татаж байна” гэв.

Чанди Тейшейра шүүмжлэл нь яг Ким Катагирид хаяглагдсан болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг “олон нийтийн саналыг ‘фармдах’ (цуглуулах) гэж ийм жүжиг тоглодог” хэмээн буруутгажээ. Харин Астини үүнийг баримтаар няцааж, Кимийн дамжуулалтын цаг сонгуулийн бус жилүүдэд (2023 онд 130 цаг) илүү их байсныг дурдсан юм.

Маргаан ийнхүү үргэлжилж байтал “Бразилийн холбоо” намаас сонгогдсон парламентын гишүүн Ким Катагири өөрөө ярианд оролцож, асуудлыг практик аргаар шийдэх санал гаргав: “Ха-ха-ха. Дөрвөн найзаа цуглуулаад миний багийн эсрэг тогло. Би дунд эгнээнд (mid) тоглоно, чи ч бас тэг. Хэрэв чи миний эсрэг эгнээндээ эсвэл тоглолтод ялбал би мандатаа өгье. Бразилийн түүхэнд ‘March of the Games’-ийг дэмжсэн цор ганц конгрессын гишүүн хэн байсныг санаж байгаа биз дээ?” гэжээ. Ким мөн Dota 2-т 4300 гаруй цаг зарцуулснаа Steam-ийн скриншотоор баталгаажуулсан байна.

Тейшейра энэ саналыг шууд хүлээн аваагүй ч “Чи долоо хоногийн 6 өдөр ажиллах (6-1) хуваарийг цуцлахын эсрэг байдаг учраас чамтай тоглох завтай хүн олоход хэцүү л байх болов уу” хэмээн егөөджээ. Харин Ким үүний хариуд өрсөлдөгчөө сорилтоос зугтаж байна хэмээн шоолсон байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй