NAVI багийн тоглогч Иван “iM” Михай “dust2” сайтад өгсөн ярилцлагадаа удахгүй Кельн хотод болох тэмцээний талаарх бодлоо хуваалцаж, өрсөлдөгчдийнхөө одоогийн хүч чадлыг үнэлжээ. Тэрээр:
“Тэмцээний гол өрсөлдөөн зөвхөн бид болон Vitality багийн хооронд өрнөнө гэж би бодохгүй байна. Учир нь бид Spirit болон Falcons багууд PGL тэмцээнд хэрхэн ширүүн тулалдсаныг харсан. Тийм ээ, энэ бол огт өөр тэмцээн байх бөгөөд миний бодлоор бидэнд хамаагүй хэцүү байх болно. Учир нь бид шинэчлэгдсэн Falcons багтай нүүр тулна. Мөн бид өмнө нь тоглож байгаагүй шинэчлэгдсэн Spirit багтай тулгарна. Тиймээс бид зөвхөн анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Counter-Strike 2-ын IEM Cologne Major тэмцээн зургаадугаар сарын 2-ноос 21-ний хооронд Германы Кельн хотноо зохион байгуулагдах бөгөөд NAVI баг тоглолтоо гуравдугаар шатнаас эхлүүлэх юм. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөх бөгөөд шагналын сан нь 1,250,000 ам.доллар ажээ.