Тоглоом хөгжүүлэгч “Epic Games” компани “Fortnite” тоглоомыг “iPhone” болон “iPad” төхөөрөмжүүдийн “App Store” платформд албан ёсоор эргэн ирж буйг зарлалаа. Тус тоглоом нь 2020 оны наймдугаар сард “Epic Games” компани “Google” болон “Apple”-ийн дотоод дүрмийг зөрчин, тоглоом доторх өөрийн төлбөрийн системийг нэвтрүүлснээс үүдэн “Play Store” болон “App Store”-оос устгагдаад байсан билээ.
“Epic Games” компанийн гүйцэтгэх захирал Тим Суини өөрийн “X” олон нийтийн сүлжээндээ ийнхүү мэдэгджээ:
“Epic болон Apple компанийн хоорондох шүүхийн эцсийн тулаан ойртож буй энэ үед Fortnite тоглоом Apple-ийн App Store-д эргэн ирж байна. Олон жилийн турш Apple компани iOS системийн функц (ажиллагааны цэс) болон хураамжуудыг бүс нутгаар нь зааглан хувааж, зохицуулалтын хэлэлцээрийн давуу байдлаа нууцаар ашиглан, шударга шүүх ажиллагааг санаатайгаар хойшлуулж ирлээ.”
Энэхүү дэлхий даяарх дахин нээлтийг үл харгалзан, Австрали улс төлбөр тооцооны нөхцөлүүд нь шийдэгдээгүй байгаагийн улмаас “iOS” систем дээр тус тоглоомыг татан авах боломжгүй хэвээр үлдсэн цөөн хэдэн бүс нутгийн нэг болж байна.