“FaZe Clan” баг багийн түүхэн дэх хамгийн амжилттай үеүдийн гол нүүр царай болсон ахлагч Финн “karrigan” Андерсентай албан ёсоор салах ёс гүйцэтгэлээ. Дани ахлагч тус байгууллагад таван жилийг өнгөрүүлэхдээ Антверпен-2022 Мэйжор болон “Intel Grand Slam Season 4” зэрэг нийт найман томоохон LAN тэмцээнд түрүүлж, “FaZe”-ийг дэлхийн оргилд гаргасан билээ.
Гэсэн хэдий ч сүүлийн улирал тус багийн хувьд туйлын хүнд байлаа. Робин “ropz” Кул явснаас хойш багийн үр дүн эрс муудаж, 2016 оноос хойш анх удаа Мэйжор тэмцээний эрхээ авч чадаагүй нь ийм өөрчлөлт хийхэд хүргэжээ. Одоогоор “FaZe”-ийн бүрэлдэхүүнд Давид “frozen” Чернянский, Хелвис “broky” Саукантс, Якуб “jcobbb” Петрушевский болон Рассел “Twistzz” Ван Далкен нар үлдээд байна. Багийг хэн удирдах нь одоогоор тодорхойгүй байгаа ч саяхан Никлас “enkay J” Крумхорн шинэ дасгалжуулагчаар томилогдсон юм.
Шинэ сорилт: karrigan “Team Falcons”-ийг удирдана
“FaZe”-ээс явсан karrigan-ийг “Team Falcons” баг тэр даруй эгнээндээ нэгтгэж, багийн шинэ ахлагчаар томилсноо зарлалаа. “Falcons” баг Дамьян “kyxsan” Стоилковскиг сэлгээнд шилжүүлснээр ийнхүү туршлагатай ахлагчийг авч ирж байна. Тус баг 2025 оноос хойш долоон удаа гранд финалд шалгарсан ч ганцхан түрүү (PGL Bucharest) хүртсэн нь тэднийг ийм алхам хийхэд хүргэжээ.
Энэхүү шилжилтийн хамгийн анхаарал татах хэсэг нь karrigan болон Никола “NiKo” Ковач нарын эргэн нэгдэлт юм. Тэд өмнө нь 2017-2018 онд нэг багт хүчин зүтгэхдээ долоон аваргын цомыг хамтдаа өргөж байсан түүхтэй. “Team Falcons” одоо NiKo, René “TeSeS” Madsen, Илья “m0NESY” Осипов, Максим “kyousuke” Лукин болон karrigan гэсэн хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн CS2-ын тавцанд ноёлох зорилго тавиад байна. Дасгалжуулагч Дэнни “zonic” Соренсены удирдлага дор тэд “тогтвортой амжилт”-ыг “аваргын цом” болгон хувиргахаар зэхэж байна.