Хятадын PUBG-ийн лигийн (PCL) шигшээ тоглолтын үеэр “17Gaming” болон “PeRo” багуудын хооронд ширүүн маргаан дэгдэж, улмаар хууль шүүхийн асуудал болон хувирлаа. Эхэндээ багууд бие биенээ “чит” (тоглоомын дүрэм зөрчих программ) ашигласан гэж буруутгаж, хорон үгс чулуудаж байсан ч нөхцөл байдал ийнхүү хуулийн хавтгайд шилжжээ.
“17Gaming” байгууллага “PeRo” багийн менежерийн эсрэг өмгөөлөгчөөр дамжуулан албан ёсны нэхэмжлэл гаргасан байна. Тэд менежерийг Weibo (Хятадын олон нийтийн сүлжээ) дээр хуурамч хаяг ашиглан “17Gaming”-ийн эмэгтэй ажилтны хаяг руу доромжилсон, бэлгийн шинжтэй зохисгүй сэтгэгдлүүд үлдээсэн гэж буруутгажээ.

Хуулийн баримт бичигт дурдсанаар, менежерийн бичсэн бүдүүлэг үг хэллэг, гүтгэлэг нь тухайн эмэгтэйн болон байгууллагын нэр хүндэд ноцтой хохирол учруулсан гэж үзэж байна. “pattrick_36” гэх хэрэглэгч өмгөөлөгчийн илгээсэн албан бичиг болон маргаантай холбоотой бусад баримтуудын скриншотыг цахим орчинд дэлгэжээ.