Бразилын Legacy байгууллага багийнхаа ахлагч Андрей “arT” Пиовезаны эрүүл мэндийн асуудлын талаар мэдээллээ. Илэрсэн өвчний улмаас цахим спортчин залуу ирэх ESL Pro League Season 24 тэмцээнийг өнжихөөр болсон байна. Клубын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, эмч нар arT-д менингит онош тавьжээ.
Одоогоор тоглогч эмч нарын хяналтад байгаа бөгөөд доод тал нь 10 хоног үргэлжлэх эмчилгээ, нөхөн сэргээх курст хамрагдаж байгаа тул IGL (багийн ахлагч) багийн хамт тэмцээнд явж чадахгүй болжээ. Ахлагчийг эзгүйд бүрэлдэхүүнийг нөхөх орлон тоглогчийг хэдийн олсон бөгөөд тус багийн шинжээчээр ажилладаг 24 настай Бразил залуу Педро “bobz” Роша стендинээр тоглохоор болсон байна.
ESL Pro League Season 24 тэмцээн аравдугаар сарын 3-наас 11-ний хооронд Польшийн Катовице хотод болох бөгөөд 16 баг 1,000,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.