Rocket League ирэх долоо хоногоос “Easy Anti-Cheat”-тэй болно

by Саруул Батболд
0 comments

Epic Games болон Psyonix компаниуд ирэх долоо хоногийн мягмар гараг буюу 4 дүгээр сарын 28-наас эхлэн “Rocket League”-д Easy Anti-Cheat (EAC) программ хангамжийг нэвтрүүлэхээр болсноо зарлалаа. Одоогоор “Fortnite”, “Elden Ring”, “Sea of Thieves” болон “Squad” зэрэг олон алдартай тоглоомуудад ашиглагддаг уг системийг идэвхжүүлэх болсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт албан ёсоор танилцуулах аж.

Хэдийгээр античит систем нь тоглоомыг илүү шударга, “цэвэр” болгох зорилготой ч Rocket League-ийн үнэнч тоглогчид энэ мэдээг төдийлөн таатай хүлээж авсангүй. Хамгийн гол зангилаа нь тоглоомд статистик мэдээлэл харах, дууны эффект нэмэх, бэлтгэлийн тусгай хэрэгсэл ашиглах зэрэг олон боломжийг олгодог алдартай “мод”-ууд ажиллахаа болих вий гэсэн болгоомжлол юм.

Тоглогчдын дунд BakkesMod тэргүүтэй нэмэлт хэрэгслүүд нь тоглоомын салшгүй нэг хэсэг болсон байдаг тул EAC-ийг нэвтрүүлснээр эдгээр нь “аюултай программ” гэж тооцогдож, хаагдах эрсдэл үүсэж байна. Энэ нь зөвхөн хууран мэхлэгчдийг зогсоохоос гадна нийтлэг ашиглагддаг туслах программ хангамжуудыг ч үгүй хийж магадгүй байгаа нь олон нийтийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл дагуулж эхэллээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй