Өмнөд Солонгосын үндэсний шигшээ баг “Esports National Cup (ENC) 2026” тэмцээнд оролцохоос татгалзах магадлалтай болоод байна. Үүний шалтгаан нь Солонгосын цахим спортын холбоо (KeSPA) болон тэмцээнийг зохион байгуулагч “Esports Foundation” хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй юм.
Seoul Sports хэвлэлийн мэдээлснээр, ENC-ийн зохион байгуулагчид тодорхой тоглогчдыг дэмжих замаар Солонгосын багийн бүрэлдэхүүнд шууд бусаар нөлөөлөхийг оролдсон байна. Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулахдаа хатуу бөгөөд ил тод шалгуур баримталдгаараа алдартай KeSPA-ийн хувьд үүнийг холбооны дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж үзжээ.
Нөхцөл байдлыг сайн мэдэх цахим спортын нэгэн албаны хүн “Esports Foundation”-ий үйлдлийг эрс шүүмжлэн хэлэхдээ: “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд хөндлөнгөөс оролцоно гэдэг дэндүү хэтэрсэн асуудал. Улс орон бүр өөрийн гэсэн системтэй бөгөөд ийм үйлдэл нь үл хүндэтгэсэн хэрэг юм. Хэдийгээр энэхүү тэмцээн хэвлэл мэдээллийн хүрээнд өргөн далайцтай боловч Солонгос улс үүнд оролцох шаардлага байгаа эсэхэд би эргэлзэж байна” гэв.

Тэмцээнээс нэрээ татсан тухай албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байгаа ч өнгөрсөн амралтын өдрүүдэд ENC-ийн албан ёсны цахим хуудас Өмнөд Солонгосын багт зориулсан хэсгийг чимээгүйхэн устгасныг шүүмжлэгчид болон шүүтэн бишрэгчид анзаарсан байна.