Олон жилийн алдагдал дуусгавар болов: “BLAST” компани 411 мянган еврогийн ашигтай ажиллажээ

by Саруул Батболд
0 comments

Цахим спортын тэмцээн зохион байгуулагч дэлхийн томоохон операторуудын нэг “BLAST” компани 2025 оны санхүүгийн тайлангаа албан ёсоор танилцууллаа. Тэд олон жилийн турш үргэлжилсэн санхүүгийн алдагдлаа зогсоож, эргэн ашигтай ажиллаж эхэлсэн байна. Тус компани өнгөрсөн онд 411 мянган еврогийн цэвэр ашиг олсон нь цахим спортын зах зээл сэргэж буйн чухал дохио болов.

BLAST-ийн 2025 оны нийт орлого 114.6 сая еврод хүрсэн нь 2024 оныхоос даруй 39.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр цэвэр ашгийн марж 0.36% буюу харьцангуй бага байгаа ч энэ нь 2022-2024 оны хооронд хуримтлагдсан 20.4 сая еврогийн аварга алдагдлын дараах маш том амжилт, санхүүгийн тогтвортой байдлын эхлэл болж байна.

Компанийн олон улсаас олсон нийт орлогыг бүс нутгаар нь ангилбал:

  • Хойд Америк: 48.8 сая евро (Хамгийн өндөр орлоготой бүс)
  • Европ: 43.6 сая евро
  • Ази: 21.4 сая евро (Хамгийн хурдтай өсөж буй зах зээл)
  • Өмнөд Америк: 0.6 сая евро
  • Австрали: 0.03 сая евро
BLAST компани олон жилийн дараа ашигтай ажиллалаа

Азийн зах зээлийн тэсрэлт ба Ирээдүйн хөрөнго оруулалт

Тайлангаас харахад Азийн бүс нутагт компанийн орлого хамгийн гайхалтай буюу 3.1 сая еврогоос 21.4 сая евро хүртэл огцом өсжээ. Энэхүү амжилт нь Хонконгт зохион байгуулсан “BLAST Premier Rivals” тэмцээн болон Энэтхэгийн “RISE Worldwide” компанитай байгуулсан стратегийн түншлэлтэй шууд холбоотой юм.

Цаашид “PGL” болон “ESL” зэрэг хүчирхэг өрсөлдөгчидтэйгөө тэмцээний чанараар өрсөлдөх уралдаанд хоцрохгүйн тулд BLAST 2027 оны тэмцээний циклдээ зориулж хөрөнго оруулалтаа 10 сая ам.долларт хүргэж нэмэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна тэмцээн бүрд санхүүгийн шинэ загвар нэвтрүүлж, үзэгчдийн дуртай “Bounty” болон “Open” цувралын LAN ивэнтүүдийн форматыг шинэчлэхээр ажиллаж эхэлжээ.

2026 оны төсөөлөл ба Өсөлтийн гол хөдөлгүүр

Компанийн удирдлагууд ирж буй 2026 онд санхүүгийн үзүүлэлтээ улам ахиулна гэдэгтээ итгэлтэй байна. Урьдчилсан таамаглалаар энэ оны орлого дахин 11-16 хувиар өсөх бөгөөд үйл ажиллагааны үндсэн ашиг буюу EBITDA үзүүлэлт нь 8-аас 13 сая еврод хүрнэ гэж тооцоолжээ.

Энэхүү тогтвортой өсөлтийг хангах гол хөдөлгүүр нь Valve болон Epic Games зэрэг дэлхийн хэмжээний тоглоом хөгжүүлэгч, паблишер компаниудтай хийсэн түншлэл байх болно. Мөн Мальта арал дахь үйлдвэрлэл, технологийн бааз болон Хойд Америк, Энэтхэгийн зах зээл дэх идэвхтэй тэлэлт нь компанийн ирээдүйн үнэ цэнийг тодорхойлно гэж тайланд дурджээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй