Team Liquid дэлхий даяар геймер кафе нээхээр болжээ

0 comments 1 үзэлт

Америкийн киберспортын Team Liquid клуб геймер кафены зах зээлд нэвтэрч байгаагаа зарлалаа. Тус клуб Европт ийм төрлийн газрууд ажиллуулдаг Friendly Fire компанитай хамтрах бөгөөд эхний ээлжид 22 кафе Team Liquid Cafes нэртэй болох юм.

Цаашид түншүүд дэлхий даяар хэдэн зуун салбар нээхээр төлөвлөжээ. Ингэснээр Team Liquid зөвхөн киберспортын багуудаар хязгаарлагдахгүй, тоглогчид болон фэнүүдэд зориулсан бодит орон зай бүхий бизнесээ өргөжүүлэхээр зорьж байна.

Team Liquid Cafes-д тоглоомын PC болон консолууд байрлуулах бөгөөд ихэнх салбарт автомашины уралдааны симуляторууд ч байх аж. Мөн тэмцээн, бэлтгэл, томоохон киберспортын үйл явдлыг хамтран үзэх арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Team Liquid-ийг үүсгэн байгуулагч Виктор “Nazgul” Гуссенсийн хэлснээр, энэ санаа түүнийг 2000-аад оны эхэн үед Өмнөд Солонгост амьдарч байсан үе рүү нь эргүүлэн аваачдаг байна. Тэр үед Гуссенс хүмүүс хамтдаа тоглож, харилцдаг геймер кафены соёл болох PC bang-тай анх танилцжээ.

Эхний салбарууд Европ, АНУ-д нээгдэнэ

Team Liquid Cafes-ийн эхний салбарууд Вена, Загреб, Роттердам, Майами, Хьюстон, Утрехт зэрэг хотод нээгдэнэ. Гуссенсийн хэлснээр, клуб фэнүүдтэй биечлэн уулзаж, харилцах боломжтой орон зай бий болгохыг зорьж байна.

Мөн Team Liquid бизнесийнхээ хүрээг тэлж, байгууллагынхаа ирэх 50 жилийн тогтвортой ирээдүйг хангахыг хүсэж байгаа аж. Кафены сүлжээг дэлхий даяар өргөжүүлэх нь энэ урт хугацааны стратегийн нэг хэсэг болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй