Mzinho багийнхаа хамгийн “аймар” гишүүнээр s1mple-ийг нэрлэв

0 comments

CS2-ын BC.Game багийнхан тоглогчдынхоо дунд хөгжилтэй богино асуулт, хариултын контент бэлтгэжээ. Энэ удаагийн дугаарт Монголын тоглогч Аюуш “mzinho” Батболд оролцож, багийнхан болон өөрийнхөө тухай сонирхолтой хариултууд өгсөн байна.

Түүнээс BC.Game-ийн хамгийн “аймар” гишүүн хэн бэ гэж асуухад Украины од тоглогч Александр “s1mple” Костылевыг нэрлэжээ. Гэхдээ тэрбээр үүнийгээ шууд залруулж, s1mple үнэндээ аймшигтай хүн биш гэдгийг хөгжилтэй байдлаар тайлбарласан байна.

“Манай багт аймар хүн байхгүй”

Mzinho асуултад хариулахдаа:

“Саша [s1mple] байх. Гэхдээ аймшигтай гэдэг утгаараа биш шүү. Байж байгаарай. Мэдэхгүй. Манай багт аймар хүн байхгүй. Магадгүй Саша байх. Ер нь тэр мэдээж бүр тийм аймар хүн биш.” хэмээн ярьжээ.

Сонирхуулахад, өмнө нь s1mple мөн адил асуулт, хариултын контентод оролцохдоо BC.Game-ийн хамгийн эелдэг, зөөлөн гишүүнээр mzinho-г нэрлэж байсан юм.

CS-ээс өмнө Dota 2 тоглодог байжээ

Mzinho мөн Counter-Strike-аас гадна ямар тоглоом тоглодог талаар асуухад Dota 2 гэж хариулсан байна. Тэрбээр CS-д орж ирэхээсээ өмнө Dota 2 тоглодог байсан тухайгаа дурджээ.

Харин цахим спортын мэргэжлийн тоглогч болоогүй бол ямар ажил хийх байсан бэ гэсэн асуултад энэ талаар өмнө нь бодож байгаагүй ч цагдаа болсон байж магадгүй гэж хариулсан байна.

Мөн цугларалт, тэмцээнд явахдаа байнга авч явдаг зүйлээ нэрлэхдээ “Мэдэхгүй, магадгүй гутал байх” хэмээн хошигножээ. Ийнхүү BC.Game-ийн шинэ бүрэлдэхүүн дэх mzinho, s1mple нарын харилцан өгсөн хөгжилтэй хариултууд хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй