Mzinho “BC.Game” багийн шинэ улирлын зорилгын талаар: “Энэ улирлын зорилго бол ядаж шилдэг 15-д багтаж, тэмцээнүүдэд шууд урилга авах”

by Саруул Батболд
0 comments

“BC.Game” багийн YouTube сувагт өгсөн ярилцлагадаа багийн шинэ тоглогч Б.Аюуш “mzinho” шилжилт хийсэн шалтгаан, олон улсын багт дасан зохицож буй байдал, s1mple, electroNic, Magisk нартай хамтран тоглож байгаа тухай болон ирэх улирлын зорилгоо хуваалцлаа.

Монгол тоглогчийн хэлснээр, “The MongolZ” багаас гарах шийдвэр нь тус багт өөрчлөлт орох гэж байгааг мэдсэний дараа гарчээ. Яг энэ үед тэрээр олон улсын талбарт өөрийгөө сорьж үзэх цаг нь болсон гэж шийдсэн байна.

“Дараагийн улиралд багт өөрчлөлт орно гэдгийг би мэдэж байсан. Бүрэн шинээр эхэлж байгаа юм чинь яагаад олон улсын бүрэлдэхүүнд өөрийгөө сорьж, шинэ туршлага судалж болохгүй гэж бодсон.”

— Б.Аюуш “mzinho”

Мөн түүний шилжилтэд “The MongolZ” багийн хамтрагч асан Senzu гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг “BC.Game” руу хэд хэдэн удаа урьжээ.

“Senzu надад дахин бичихдээ: ‘Энэ бол энэ улиралд би чамаас асууж байгаа хамгийн сүүлчийн удаа шүү’ гэж хэлсэн. Эцэст нь бүх зүйл бүтэмжтэй болж, би зөвшөөрсөн.”

— Б.Аюуш “mzinho”

Major-ын аваргуудтай мөр зэрэгцэн тоглох нь

Түүнчлэн тэрээр Major тэмцээний аварга болж байсан s1mple, electroNic, Magisk зэрэг асар туршлагатай киберспортчидтой хамт тоглож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа онцоллоо.

“BC.Game-д s1mple, electroNic, Magisk нар байгаа. Тэд гурвуулаа Major-ын аваргууд, тиймээс тэдэнтэй хамт тоглож, туршлага судалж байгаадаа маш их баяртай байна.”

— Б.Аюуш “mzinho”

Үүний зэрэгцээ тэрээр өмнө нь олон улсын тоглогчидтой олон удаа хамт тоглож байсан тул англи хэлний харилцаанд томоохон хүндрэл гардаггүй болохыг дурджээ.

Европ руу нүүх ба илүү их бэлтгэл

Ойрын хугацаанд mzinho болон Senzu нар Европ руу нүүх бөгөөд энэ нь багийн бэлтгэлийг чанаржуулахад том түгээн болно гэж тэрээр үзэж байна.

“Европ руу нүүснээр бид илүү идэвхтэй бэлтгэл хийх боломжтой болно. Энэ бол бидний хувьд шинэ туршлага, гэхдээ нөгөө талаар хавьгүй олон цагаар бэлтгэл хийх боломж юм.”

— Б.Аюуш “mzinho”

“The MongolZ”-ын эсрэг дахин тоглох хүсэл

Энэ улирлын хувийн зорилгынхоо хувьд mzinho “BC.Game” багийг дэлхийн чансааны шилдэг 15-д оруулж, томоохон тэмцээнүүдийн шууд урилга авдаг болохыг нэрлэв. Харин цаашдын алсын хараа нь багаа дэлхийн шилдэг 10 багийн нэг болгох явдал юм.

“Энэ улирлын зорилго бол ядаж топ-15-д багтаж, тэмцээнүүдэд шууд урилга авдаг болох. Харин илүү том зургаар харвал багаа топ-10-т харахыг хүсэж байна.”

— Б.Аюуш “mzinho”

Түүний хамгийн их хүлээж буй зүйл бол хуучин багийнхаа эсрэг сервер дээр таарах явдал гэнэ.

“Хамгийн их хүсэж байгаа зүйл маань The MongolZ-ын эсрэг тоглох. Багийн хамтрагчид байсан залуустайгаа өрсөлдөх нь онцгой туршлага байх болно.”

— Б.Аюуш “mzinho”

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй