“Riot Games” компани “League of Legends” тоглоомын “New Dawn” нэртэй томоохон шинэчлэлтийн анхны тизерийг танилцууллаа. Уг бичлэгийг “Worlds 2026″ тэмцээний шигшээ тоглолтын үеэр үзүүлсэн байна. Энэ нь тусдаа шинэ тоглоом эсвэл үргэлжлэл бус, харин “League of Legends”-ийн одоогийн хувилбарт хийгдэх томоохон шинэчлэлт бөгөөд 2027 онд гаргахаар төлөвлөжээ.
Гол өөрчлөлтүүдийн дунд шинэчилсэн тоглоомын клиент, шинэчлэгдсэн “Summoner’s Rift” газрын зураг, дахин боловсруулсан рун (runes) болон тоглоомын механикийн өөрчлөлтүүд багтаж байна. Түүнчлэн “Riot” баатруудын гадаад төрхийг сайжруулж, тоглоомын хөдөлгүүрийг (engine) шинэчлэн, шинэ тоглогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгохоор төлөвлөж байгаа аж.
Тизерт Блицкранк, Люкс, Леона, Сетт, Поппи, Волибир, Ривен, Жин болон Ари зэрэг баатрууд харагдсан байна. Гэхдээ хөгжүүлэгчид яг аль баатруудын загвар шинэчлэгдэхийг одоогоор тодорхой хэлээгүй байна.
Гүйцэтгэх продюсер Пол «Pabro» Белецца болон “League of Legends” студийн удирдагч Анджей «Meddler» ван Рун нар “Riot” тус тоглоомын урт хугацааны ирээдүйг баталгаажуулахыг зорьж байгааг мэдэгджээ.
Компани “New Dawn” шинэчлэлтийн бүрэн танилцуулгыг 2027 оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байна. Шинэчлэлт гарах яг тодорхой огноо одоогоор тодорхойгүй хэвээр байна.