Esports World Cup тэмцээнийг Парис руу шилжүүлэхэд гарсан хүндрэлүүдийн талаар мэдээллээ

0 comments

Esports Foundation-ийн орлогч захирал бөгөөд гүйцэтгэх захирал (COO) Майк Маккейб “Esports World Cup” (EWC) тэмцээнийг Саудын Арабаас Парис руу шилжүүлэн зохион байгуулахад тулгарсан хүндрэлүүдийн талаар “Esports.ru” сайтад тусгайлан ярьжээ.

Нарийн төлөвлөгөө ба богино хугацаа

“Хамгийн том хүндрэл нь цаг хугацаа байсан. Бидэнд ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээг өөр улс руу шилжүүлж, чанарын стандартыг тоглогчид, клубууд болон хөгжөөн дэмжигчдийн хувьд бууруулахгүйгээр бараг 8 долоо хоногийн дотор Парист шинээр зохион байгуулах шаардлага гарсан. Тэмцээний ордон, техникийн продакшн, логистик, оролцогчдын байрлах газар болон хотын арга хэмжээнүүд гээд үйл ажиллагааны ихэнх хэсгийг дахин төлөвлөх хэрэгтэй болсон юм. Энэ бүхнийг хэвлэн нийтлэгчид, хамтрагчид болон тэмцээнд оролцож буй зуу зуун клубуудтай нэгэн зэрэг зохицуулж ажилласан.

Үүнд Францын Засгийн газар, Парисын эрх баригчид болон орон нутгийн байгууллага, институтийн дэмжлэг гол үүрэг гүйцэтгэлээ. Тэд ажлыг шуурхай эхлүүлэхэд бэлэн байсан нь бидэнд хурдан хөдөлж, EWC-ийг анх төлөвлөсөн олон улсын цар хүрээнд нь зохион байгуулах боломжийг олгосон. Бидний эцсийн үр дүн юунд хүрснийг сайн харуулж байна: Тэмцээний 150 мянга гаруй тасалбар борлуулагдаж, EWC-ийн орднууд, Fan Fest фестиваль болон Парисын хотын арга хэмжээнүүдийг зуун мянга гаруй хүн үзэж сонирхлоо” хэмээн Майк Маккейб ярив.

EWC 2027 дахин Эр-Риядад болно

2026 оны 8 дугаар сарын 24-нд Esports Foundation-аас “Esports World Cup 2027” тэмцээнийг Эр-Рияд хотод зохион байгуулахаар албан ёсоор баталгаажууллаа. Уг мэдэгдлийг Парист EWC 2026 өндөрлөснөөс яг нэг хоногийн дараа буюу AG.AL клуб эздийн заагт ялалт байгуулсан тухай хэвлэлийн мэдээний үеэр хийсэн юм.

Парист болсон EWC нь Саудын Арабаас гадна зохион байгуулагдсан анхны дэлхийн чемпионат болов. Тэмцээн 7 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 23-ны хооронд рекорд тогтоосон 75 сая ам.долларын шагналын сантай, 25 спорт төрлөөр, 200 клубын 2 мянган тоглогчийн дунд өрнөлөө. Хятадын “AG.AL” байгууллага “Club Championship”-д түрүүлж, 7 сая ам.доллар хүртсэн юм.

Түүнчлэн 2026 оны намраас хойшлогдсон үндэсний шигшээ багуудын “Esports Nations Cup” тэмцээнийг 2027 оны 11 дүгээр сард Эр-Рияд хотод тусад нь зохион байгуулахаар төлөвлөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй