Герман улсад зохион байгуулагдсан цахим спортын наадмын шагнал гардуулах ёслолын үеэр спортын ёс зүйг ноцтой зөрчсөн явдал гарлаа. Маурицио “Mauschine” Вебер тайзан дээр “regnum4games” багийн тамирчин Фабиан “Spidergum” Саломоны нүүр рүү цохисон нь телевизийн дуранд шууд өртсөн юм.
Уг хэрэг явдал тайзан дээрх маргаанаас эхэлж, улмаар цахим орчинд үргэлжилсэн байна. Өрсөлдөгчөө яагаад алгадсан талаар Маурицио тайлбарлахдаа “Тэмцээний дундуур хийсэн треш-ток нь таалагдаагүй” хэмээн өөрийгөө өмгөөлжээ. Хэдийгээр хохирогчийн хэлсэн үг тодорхойгүй байгаа ч зохион байгуулагчид хүчирхийллийг ямар ч тохиолдолд зөвтгөхгүй гэдгээ хатуу мэдэгдэв.
Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс дараах шийдвэрүүдийг гаргасан байна:
- Маурицио “Mauschine” Веберт 10 жилийн хугацаатай тэмцээнд оролцох эрхийг хасах хориг тавьсан.
- Уг хэргийн талаар Олон улсын холбоонд албан ёсоор мэдээлсэн бөгөөд зохион байгуулагчид “Бид хүчирхийллийг хэзээ ч тэвчихгүй. Түүнд 10 жилийн хориг тавьсан. Олон улсын холбоонд ч энэ талаар мэдээлсэн. Түүнд манай төрлөөр тоглох эрх байхгүй” гэж мэдэгдэв.
- ESIC холбооноос түүнийг ESL, BLAST, PGL зэрэг томоохон байгууллагуудын тэмцээнд оролцох эрхийг нь бүх насаар нь хасжээ.
ESIC буюу Esports Integrity Commission-ийн зүгээс энэхүү үйлдлийг маш хүндээр хүлээн авч, мэргэжлийн спортын талбараас түүнийг бүрэн хөөх хүнд шийдвэр гаргажээ. Ингэснээр Маурициогийн хувьд олон улсын томоохон тэмцээнүүдийн хаалга бүрмөсөн хаагдаж байгаа юм.
Харин хохирогч Фабиан “Spidergum” Саломон бие махбодийн гэмтэл аваагүй бөгөөд болсон явдалд хошин байдлаар ханджээ. Тэрээр Маурициог “Тоглоом дээрээсээ илүү оновчтой цохиж байна” хэмээн шоглож, өөрийн сэтгэгдлээ үлдээсэн байна.