АЛБАН ЁСНЫ: Esports World Cup тэмцээн Парис хот руу шилжлээ

by Саруул Батболд
0 comments

Esports World Cup” зохион байгуулагчид 75 сая ам.долларын шагналын сантай кибер спортын нүсэр наадмаа Саудын Арабын Эр-Рияд хотоос Францын Парис хот руу шилжүүлж байгаагаа албан ёсоор баталлаа.

Зохион байгуулагчид үүнийг “EWC-ийн түүхэн дэх анхны олон улсын бүлэг” хэмээн нэрлэж байгаа ч бодит байдал дээр Иран дахь дайны хурцадмал байдал болон Ойрхи Дорнодын геополитикийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалсан гарцаагүй алхам болсон байна.

“EWC Foundation”-ий ерөнхий захирал Ральф Райхерт өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр тэмцээнийг Эр-Риядад зохион байгуулж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан ч бүс нутгийн нөхцөл байдал ийнхүү байршлыг яаралтай өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэжээ.

Тэмцээний цар хүрээ ба хугацаа

Уг супер наадам долоодугаар сарын 6-наас наймдугаар сарын 23-ны хооронд үргэлжлэх хуваарьтай байна. Тэмцээний үндсэн үзүүлэлтүүдээс дурдвал:

  • Оролцогчид: Дэлхийн 100 гаруй орны 200 гаруй клубын 2000 гаруй шилдэг тамирчин.
  • Хөтөлбөр: 24 өөр төрлийн кибер спортын чиглэлээр 25 тэмцээн зохиогдоно.
  • Шагналын сан: Кибер спортын түүхэн дэх хамгийн өндөр буюу 75 сая гаруй ам.доллар.

Valve компаниас тусгай зөвшөөрөл олгов

Одоогоор байршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор CS2 (Counter-Strike 2) тоглоомын формат өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ “HLTV” цахим хуудасны мэдээлснээр, зохион байгуулагчдад шаардлагатай нэмэлт мэдээллийг өгөх эцсийн хугацаанаас бараг долоон сар өнгөрсний дараа уг шийдвэр гарсан тул тэд “Valve” компаниас байршлаа солих тусгай зөвшөөрлийг албан ёсоор авч чадсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй